АТГ: Авилгажсан “Оюутолгойн” гэрээний асуудлаас болж Засгийн газар огцорсон
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс гурван асуудлыг хөндөж өнөөдөр мэдээлэл хийлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Нийгмийг авлигаас ангид байлгах үүрэгтэй, ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ ажлаа хийхгүй байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээ гэх авилгажсан гэрээг яагаад байгуулснаа олон нийтэд мэдээлэхгүй байна. Гурван тэрбум долларын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний асуудлыг ч огт хөндөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ Оюутолгойн гэрээнээс болж Засгийн газар зохион байгуулалттайгаар огцорсон гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа.
Оюутолгойн гэрээ, Лондон, Нью-Йоркийн шүүхэд хэчнээн төгрөгийн маргаан үүсээд байгааг, тэмдэгтийн хураамж 30 хувийг хэрхэн гаргах, 400 тэрбум долларын Оюутолгойн уурхайг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн буцааж авах, Оффшороос оруулж ирсэн орлогыг тусгай дансанд байршуулж, олны хяналтад байлгах, гурван тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүний тухай зэрэг асуудлыг нуун дарагдуулж байна. Иймд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хариуцлага нэхэж байна.
Төрийн ордны гурван давхрын зүүн талд шүүгчдийг дуудаж авчраад, ял өгөх чиглэл өгч, шүүхэд нөлөөлж буйг УИХ-ын гишүүд мэдсээр байж, нуун дарагдуулж, тухайн цагт нь илчлээгүй. Энэ бол гэмт хэрэг.
Шүүхийн байгууллага сүүлийн үед өндөр түвшний авлигачдад зөөлөн хандаж байна. Ийм байхад авлигачид "махны машинд хэрчүүллээ" хэмээн ярьж байна. Авлигачид ингэж ярьж байгаа бол ард түмэн амьтан болсон юм байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн байсан Б.Ундармаа, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат гээд өндөр түвшний авилгын хэрэгт холбогдсон этгээдүүдийг ард түмэн жагсааж байна. Үнэхээр шүүх хараат байгаа юу гэдэг дээр мэдэгдэл хийх цаг ирсэн гэж бодож байна.