Б.Майрагүль: Тусгай дугаарын утаснууд нэг дор ажилласнаар түргэн тусламжийн машин цаг алдалгүй иргэдэд очих боломж бүрдсэн

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх дуудлага мэдээллийг хүлээн авах, бүртгэх, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” 2020 оны үйл ажиллагаагаа дүгнэн, ажилдаа идэвх зүтгэл гарган, хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тус төвийн 2020 оны хөдөлмөрийн аваргаар шалгарсан Шуурхай удирдлагын хэлтэс 103-ын Мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Майрагүлтэй товч ярилцлаа. 

-Байгууллагын хөдөлмөрийн аварга болсон танд баяр хүргэе. Та энэ байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Баярлалаа. Юуны өмнө, алба хаагчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж,  мэдлэг, чадвараа дээшлүүлэх, сурч хөгжихөд дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг байгууллагын удирдлагуудад баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Өөр өөр мэргэжилтэй хэдий ч мөрдөс нэгт залуустай нэг зорилго дор нэг баг хамт олон болж эрч хүч, урам зоригтой ажиллаж байгаадаа баяртай байдаг. 

Миний хувьд 2010 оны 06 дугаар сарын 25-нд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулагдахад Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс шилжин ирж, анхны дуудлага мэдээллийг хүлээн авч байсан алба хаагчдын нэг.  

Урд нь түргэн тусламжийн төвд дуудлага, мэдээллийг хүлээж авахдаа цаасан дээр бичиж дугаарлаад, яаралтай болон яаралтай бусаар ангилж, ээлжийн ахлагчид дамжуулдаг, ээлжийн ахлах цааш нь станцаар дамжуулдаг, гар ажиллагаа ихтэй цаг алдсан, хүлээлт ихтэй байдаг байсан.

Харин төв байгуулагдсанаар эмнэлэг, онцгой байдал, цагдаа гээд гурван том байгууллага тусгай дугаарын утсаар дуудлага мэдээллийг нэг дор хүлээн авч, холбогдох нэгжид шуурхай дамжуулан, яаралтай дуудлагад цаг алдалгүй очиж тусламж үзүүлдэг болсон нь хүн амд үзүүлэх үйлчилгээний хувьд хүртээмжтэй цаг үеэ олсон шинэ алхам болсон юм.

Мөн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг /103/-н шугамаар дамжуулж холбодог болсон нь хүүхдийн түргэн тусламжийн үйлчлэх хүрээ өргөсөж, иргэдэд хүрэх хүртээмжид их ахиц гаргасан гэж боддог.

Мэдээлэл хүлээн авагч нар хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах учир их мэдрэмжтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатай

Arslan.mn

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн тэр дундаа мэдээлэл хүлээн авагчийн ажлын гол онцлог нь юу вэ? 

-Иргэдээс ирж буй дуудлага мэдээллийг хамгийн анхдагч болон хүлээж авдаг болохоор хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудалд маш нарийн мэдрэмжтэй хандах, цаг алдалгүй хүлээн авч, зохицуулалт хийх, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах зэрэг цогц ажиллагаа явуулдаг учраас мэдээлэл хүлээн авагч нар их мэдрэмжтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатай байдаг. Манай байгууллагын онцлог ч үүнтэй холбоотой.

Тусгай дугаарын утаснууд нэг дор ажиллах нь маш том давуу талуудтай байдаг.

Тухайлбал гал түймэр, гамшиг ослын яаралтай дуудлага хүлээн авдаг 101,105, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг 102 дугаарын утаснуудад ирсэн дуудлага мэдээллийн тохиолдлуудад эмнэлгийн байгууллагын хэрэгцээ гарсан онц шаардлагатай үед ШУХ /101,105/-н ерөнхий зохицуулагч, ШУХ /102/ дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдон, түргэн тусламжийн машин цаг алдалгүй очих болсноор иргэдэд хүрэх хүртээмж сайжирч, дуудлагын шаардалт багассан. 

-Сүүлийн үед цар тахлаас шалтгаалаад 103 дугаарын утсанд ирж байгаа дуудлага мэдээлэлд хэр их өөрчлөлт орж байна?

-Иргэдийн дунд манай тусгай дугаарын 103 утсыг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн харьяалалд байдаг гэх ойлголт түгээмэл байдаг бөгөөд яаралтай тусламжийн дуудлагын дугаар гэх ойлголт бага байх шиг ажиглагддаг. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 103 утас маань яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авдаг бол Нийслэлийн түргэн тусламжийн төв нь манай дамжуулсан дуудлага мэдээллийн дагуу  иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг газар дээр нь болон зөөвөрлөх явцад үзүүлдэг байгууллага юм.

103 тусгай дугаарын утсанд эмнэлгийн цаг авах, дүүргийн эмнэлгийн дугаар, байршил асуух, эмийн лавлагаа, эмнэлгийн хашааны машинаар хаагуур орох вэ зэргээр асууж холбогдох тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна дуудлагын жолоочийн утас лавлах, хүүхдүүд тоглох гэх мэт хандалтууд үр дүнгүй ачаалал үүсгэж, яаралтай дуудлага авахад хүлээлт үүсгэдэг. Халдварын тархалт нэмэгдэж, хөл хорио тогтоох үед иргэдээс лавлагаа мэдээлэл авах нь ихсэх хандлагатай байсан.

Иймд, ард иргэд тусгай дугааруудын талаар зөв ойлголттой байж, хүүхдүүддээ 101, 105, 102, 103 утаснуудад тоглож залгаж болохгүй, аюулгүй байдал, хүний амь настай холбоотой, тусламж авч чадахгүй иргэд байгаа гэдгийг ойлгуулж хэлж өгөхийг өөрийн зүгээс уриалж байна.

Эдгээр тусгай дугаарууд маань яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл бүртгэж авдаг утас бөгөөд лавлагаа мэдээлэл өгдөг дугаар биш гэдгийг ойлгох шаардлагатай байна. 

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Манай төв ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, ар гэр болон нийгмийн асуудлыг шийдэж өгч байдаг.

Мөн алба хаагчдын дунд спортын тэмцээн уралдаан, явган аялал, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах зэргээр байгууллага хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг нь удирдлагуудын зөв зохион байгуулалт, ажлын туршлага, ур чадварын нэг илрэл гэж би боддог.

Ажиллах орчин нөхцөл сайтай, алба хаагчдаасаа суралцах юм ихтэй ийм байгууллагад ажиллах болсондоо сэтгэл өндөр байдаг.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нийт алба хаагчдадаа ажлын өндөр амжилт, гэр бүл үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623072
15 эможи

Irgen
2021-01-26 18:45
Goe
Зочин
2021-01-26 16:58
Сайхан ярилцлага болжээ. Энэ хамт олонд ажлын амжилт хүсье.
keyboard_arrow_up