ЭМЧ НАР: Эрүүл мэндийн салбарт суурь өөрчлөлтийг зоригтой хийж эхэлсэн сайдаа үлдээхийг хүсэж байна
Өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэгвэл өнөө өглөө эрүүл мэндийн салбарын хэсэг ажилчид Төв талбай дээр Т.Мөнхсайхан сайдыг ажлаас чөлөөлөхгүй байхыг уриалж, жагсаал хийж байна. Тайван жагсаал 08:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган хүний төлөөлөл болж эдгээр хүн талбайд цугласан байна.
Тэд " Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе. Тэр чадна бид нэгдэж байна... Эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ салхийг оруулж буй шинэ залуу мэргэжлийн сайдаа салбарынхан болон иргэд олон нийт дэмжиж байна" хэмээн лоозон барьжээ.
Эрүүл мэндийн салбарын төлөөлөл Т.Мөнхсайханыг ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарт өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэдгийг жагсаалд ирсэн зарим төлөөлөл хэлж байв.
Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн салбарын суурь өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн гэдгийг тэдний зарим нь онцолж байлаа. Амаржсан эхтэй холбоотой асуудалд хариуцлага тооцох нь зүйтэй ч ажил хийж, өөрчлөлтийг авчирч байгаа хүнийг чөлөөлж болохгүй гэлээ.
Яг одоо талбай орчимд 200 гаруй хүн нэг удаагийн халат өмсөн тайван жагсаалыг хийж байгаа бөгөөд ээлжнээсээ буусан эмнэлгийн ажилчид ч байна гэв.