Д.АЛТАНГЭРЭЛ: Дотоод хяналт нь байгууллагын үр ашгийг сайжруулах гол хөдөлгөгч хүч болдог

2021 оны 1 сарын 19

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Хяналт шинжилгээ хуулийн албаны дарга Д.Алтангэрэлтэй ярилцлаа

-Барилгын хөгжлийн төв ямар статусаар үйл ажиллагаа явуулдаг вэ эрх зүйн талаас нь тайлбарлахгүй юу. Төрийн алба эсвэл төрийн алба биш гэдэг эсрэг ойлголт дээр иргэдэд эргэлзээ төрдөг?

-Юуны түрүүнд Барилгын хөгжлийн төв анх хэрхэн байгуулагдсан талаар тодруулж ярих нь зөв болов уу. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаж, тухайн байгууллагын хэрэгжүүлж байсан барилга, нийтийн аж ахуйн чиг үүргийг Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны чиг үүрэгт нэмж “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг Монгол Улсын Засгийн  газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор байгуулсан. Ингээд Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн албадыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор, “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор тус төвд нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“Барилгын хөгжлийн төв”-ийн эрх зүйн үндэслэл “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-аар тодорхойлогддог. Тодруулж хэлбэл Төр чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэж нэрлээд байгаа юм. Харин эд хөрөнгийн эрхийн байдлаар нь  төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит гэж ангилж байна. “Барилгын хөгжлийн төв”-ийн тухайд өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэх ангилалд хамаарна.

- Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа тусгагдаж явдаг. Тэгэхээр үйл ажиллагааг нь дээрх ангиллаас өргөн хүрээнд гэж хараад байна?

-Манай төвийн үйл ажиллагаа төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгтэй хэрхэн холбогдож байгааг товчхон тайлбарлая. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тусгаж, эдгээрээс зарим чиг үүргийг нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болохоор заасан байдаг. Салбарт одоогоор Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхгүй тул Барилгын хөгжлийн төв нь тухайн байгууллагын эрхлэх зарим асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолын үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь нэг талаар төрийн үйлчилгээг тасралтгүй явуулж, шуурхай хүргэж, иргэдэд ойртуулж буй хэлбэр юм.

-Би эхний асуултаа арай дэлгэрүүлж асуух гээд байна л даа. Тодруулж хэлбэл “Төрийн албаны тухай хууль” шинэчлэн батлагдсанаар төрийн албан хаагчдад олгох тусламж, дэмжлэг, эрх зүйн байдал нь дээрдсэн. Харин Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ төрлийн дэмжлэгт хамрагдаж чаддаг уу. Эсвэл байгууллагын үр ашгаас ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр хэрхэн ажилладаг бэ. Нөгөө талаар Барилгын хөгжлийн төвд ажилласан хугацаа төрийн албанд ажилласан жил гэдэг шалгуурт хамаарах уу?

-Барилгын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийн баталгааг хангаж, жам ёсны эрхийг хамгаалах суурийг тавилцаж буй хүмүүс. Төрийн өмчит үйлдвэрийн газрын тухайд ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар хуульд тухайлан заасан зохицуулалт байхгүй. Гэхдээ, Барилгын хөгжлийн төвийн хувьд байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам” болон холбогдох дүрэм, журмуудаар эдгээр харилцааг зохицуулж байна. Байгууллагын тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшинтэй уялдуулан ажилтнуудад урамшуулал олгодог. Цаашид ч ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллахаар төлөвлөсөн олон ажлууд бий. Мөн ажил олгогч, ажилтнуудын хоорондох харилцааг “Хөдөлмөрийн тухай хууль”-аар зохицуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг тул “Төрийн албаны тухай хууль” болон холбогдох дүрэм, журамд заасан хөнгөлөлт, тусламжид хамрагдах боломж тэр бүр байдаггүй. Нэгэнт хуулиар зохицуулсан харилцааг давж, тус төвийн ажилтнуудыг төрийн албанд ажилласнаар тооцох боломжгүй байна.

-Төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн гэлээ. Эдгээр чиг үүргийг шилжүүлэхдээ, санхүүжилт, хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн вэ. Энэ талаар дэмжлэг байдаг уу?

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд энэ талаар зохицуулсан байдаг л даа. “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно” гэдэг. Засгийн газрын бус байгууллагад гэж байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын байгууллага гэдэгт яам, агентлаг, хэрэг эрхлэх газар зэрэг хамаарч байна. Барилгын хөгжлийн төвийн тухайд өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газар. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанаас олсон орлогоосоо санхүүжиж, шилжүүлсэн чиг үүргүүдийг гүйцэтгээд явж байна. Орлогоо таслахгүйн тулд Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэс гэхэд  гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд дээр хяналт тавьж тодорхой хэмжээний орлого олж байна. Мөн орон нутагт хэрэгжиж байгаа Цэвэрлэх байгууламжийн төсөл дээр захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж Нийтийн аж ахуйн хэлтэс тодорхой хэмжээний орлого олсон. Энэ бол 2019 оны төлөвлөлт дээр гарсан нөхцөл байдал. Харин  2020 онд нөхцөл байдал өөрчлөгдөж Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого 2020 оны гуравдугаар сарын 18-нд Засгийн газрын 94 дугаар тогтоолоор батлагдсан. Нөгөө талаар захиалагчийн техникийн хяналтыг хариуцсан хэлтэс нь хийе гэдэг асуудал яригдсан. Тиймээс одоо Нийтийн аж ахуйн хэлтэс болон Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн үйл ажиллагааг бодлогын хэрэгжилт гэдэг тал дээр анхаарч, чиглүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэс Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шилжүүлсэн тодорхой зардлуудыг Төрөөс шийдсэн байх ёстой байдаг. Тухайлбал Улсын комиссын үйл ажиллагаа нормчлолын санг бүрдүүлдэг. Тэгвэл  Улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллах хоёр хүний цалинг нормчлолын сангаас олгох шаардлагатай. Тиймээс Хяналт шинжилгээ хуулийн алба энэ бүх асуудлыг  шийдвэр гаргах түвшний удирдлагуудад танилцуулж, энэ дагуу шийдвэрлэх боломжуудыг зөвлөх юм.  Барилгын материал сорилт шинжилгээний лаборатори гэхэд бие даасан, шинжлэх ухааны байгууллага хэлбэрээр хөгжинө. Барилга хот байгуулалтын яамны мэдэлд бүтцэт байх ёстой. Тиймээс Төрөөс санхүүжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл лаборатори ашгийн төлөө бус болоод зардлаа  улсын  төсөвт тусгаад явбал лабораторийн үйл ажиллагааны “бланс” тэнцвэржээд ирэх юм. Энэ мэт асуудалд дотоод аудит хяналт хийж дүн шинжилгээ гаргаж лабораторийн эрхлэгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр салбарын Сайдад танилцуулсан. Ингээд 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын 34-р тогтоолоор Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжсэн. Яг үүн шиг Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилт, Барилга барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг сайдад асуудлаа тавьж дотроосоо санхүүжиж ажиллах боломж байгаа юм. Тэгэхээр төрөөс санхүүжилтийн асуудлаар дэмжлэг, тусламж авах шаардлагатай гэсэн үг. Аливаа зүйлийг эрх зүй талаас нь харах, дүн шинжилгээ хийх ёстой. Хяналт шинжилгээ дотоод аудит бие даасан байдлаар ажиллаж, тухайн нэгжийн удирдлагад зөвлөмж өгч, байгууллагын болон салбарын бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах шаардлага гарч байна.

-Барилгын хөгжлийн төвийн хяналт шинжилгээ хуулийн албаны үйл ажиллагаанаас шалтгаалан үйл ажиллагааны хэрэгжилт, явцын үнэлгээ дүгнэгддэг. Хяналт- шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааны талаар тайлбарлахгүй юу?

-Засгийн газрын 2020 оны 12-дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын журам” хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулдаг.  Хяналт-шинжилгээ гэдэг нь тухайн байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх үйл ажиллагаа. Харин үнэлгээ гэхээр стратегийн болон гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг төлөвлөсөн түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлт дүгнэлт гэж ойлгоход болно.

Тэгэхээр байгууллагын тухайн жилийн зорилт, арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлж цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эсхүл нөгөө талаасаа зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргадаг. Энэ нь байгууллагын удирдлага шийдвэр гаргахад мэдээлэл өгч дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Төлөвлөсөн ажил нь юунаас болж хэрэгжилт хангалтгүй гарав, эсвэл сайн хэрэгжсэн бол үйл ажиллагаа сайн байсан уу гэх мэт олон талаас нь харж,  төлөвлөлт бодит гүйцэтгэл хоёрын зөрүү, шалтгааныг нь олж засах зэргээр шийдвэр гарахад чухал нөлөөтэй.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: БХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622897
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up