456 иргэнээс найман тэрбум төгрөг залилсан хэргийг прокурорт буцаалаа
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл.Д.Батбаяр нар "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр аван залилсан гэх хэргийн шүүх хурал өчигдөр боллоо.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас энэхүү гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Энэхүү хэрэг нь 456 хохирогчтой, хохирлын хэмжээ нь 8 тэрбум төгрөг бөгөөд төлөөлөл болгон 30 орчим хүн оролцсон байна. Цар тахлын үеийн халдвар хамгааллыг баримтлах үүднээс хамгийн гурван танхимд хувааж, үлдсэн оролцогчдыг zoom апп ашиглан явуулжээ.