БХТ: Авто машины гаражийн температурыг заавал 18-23 хэм хүртэл халаах хэрэгтэй юу?
Сүүлийн үеийн орон сууцны зоорийн давхарыг авто машины дулаан гаражаар ашигладаг. 2017 оны байдлаар 915000 м2 зоорийн давхарын талбай авто машины дулаан гаражийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнийг эзэлхүүнээр тооцож дулааны ачаалалд шилжүүлбэл 20,4 Гкал/ц болно. Энэ нь ойролцоогоор 97 ширхэг нэг орцтой есөн давхар орон сууцны байрны дулааны хэрэглээ юм. Өнөөдөр орон сууцны дулаан гаражийн халаалтын байдал ямар байна вэ? Үүнийг тодруулахаар хэд хэдэн орон сууцны хотхоны дулааны гаражид дотор агаарын температурын хэмжилт хийж үзэхэд 18.9 ~ 23.6 хэм байв.
Гаражийн агаарын температурын хэмжилт
Энэ нь хүн ажиллах, амьдрах орон байрны халаалттай ижил байгаа нь харагдаж байна. Гаражуудын халаалт ийм өндөр байгаа нь дараах шалтгаантай холбоотой.
1. Гаражуудын халаах хэрэгсэлд тохируулах хаалт (термостат) суурилуулдаггүй. Суурилуулсан тохиолдолд тохируулга хийж ашигладаггүй.
2. Гаражуудад ихэвчлэн гар хийцийн, усны зарцуулалт ихтэй, эдийн засгийн үр ашиг багатай халаах хэрэгсэл суурилуулдаг.
3. Орон сууцны зоорийн давхарын халаалтын үнийн тариф нь хямд, талбайн хэмжээгээр тооцдог эзэмшигчид тохируулга хийж халаалтыг бууруулах сонирхолгүй.
4. Дулаан гараж өвлийн улиралд авто машины ашиглалтад муугаар нөлөөдгийг мэддэггүй.
Эндээс авто машинд зориулагдсан гаражийн агаарын температурыг 18~23°c хүртэл халаах хэрэгтэй юу? Энэ нь хэнд ашигтай вэ? гэсэн асуулт гарч байна. Энэ нь эзэмшигчдээ ч, авто машинд ч ашиггүй юм. Гаражийг ингэж халаах нь дулааны эх үүсвэрийн хүрэлцээ муу байгаа үед дулааны үр ашиггүй хэрэглээг бий болгож байгаагаас гадна халаалтын зардлыг нэмэгдүүлэх, авто машины ашиглалтанд муугаар нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаваруудтай байдаг байна. Автомашинд ашиглалтад сөргөөр нөлөөлдгийн тухайд, гараж хэт дулаанхан байх нь авто машин хүйтэн газраас орж ирэх үед дулаан агаар дахь чийглэг нь таны авто машины гадаргуунд бүхэлд нь мөсөн бүрхүүл тогтоодог ба мөсөн бүрхүүл нь хайлж ус болоод эргээд хатдаг.
Дулаан гараж нь халаалт муутай гаражийг бодвол илүү чийглэг ихтэй байдаг байна. Учир нь агаарын температур нэмэгдэхэд агаар чийгшилшууд хамааралтай нэмэгддэг (Зураг 2).
Мөн түүнчлэн авто машины дугуй болон шаврын хаалт зэрэгт тогтсон цас, мөс гаражид орж ирэнгүүт хайлж гаражийн агаарын чийгшилийг улам нэмэгдүүлдэг.Түүгээр ч барахгүй авто машинд наалдсан цас, мөс нь зам дээр цацсан давсны хольцтой байдаг нь машины металл эд ангиудын зэврэлтийн явцыг хурдасгадаг. Энэ нь хатуулаг ихтэй ус металтай харьцахтай ижил үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм. Бас зарим механик эд ангиуд, жишээлбэл хаалганы цонхны араат эд ангиудыг зэврүүлснээр гацах, эвдрэх нэг шалтгаан болдог байна. Дээрх үйл явц нь авто машин дулаан гаражаас гарах үед мөн давтагдана. Дулаан гаражид байсан авто машин хүйтэн агаарт гарах үед хүйтэн агаар дахь чийгшил болон цас нь авто машины арьс (кузов) болон металл эд ангиуд дээр наалдаж, хайлж дахиад хөлддөг. Энгийн үгээр илэрхийлбэл та хөргөгчнөөсөө хүйтэн савтай ундаа гаргаж тавихад гадна тал нь хөлөрч усан бүрхүүл тогтдогтой ижил юм
Зураг 3. Хүйтэн биет дээрх конденсаци
Ингэснээр таны авто машины арьс болон металл эд ангиуд дээр байнгын зэврэлтийн процесс үргэлжилж, чийг нь таны авто машины металл эд ангиудыг идэж байдаг байна. Ингэхээр та өөрөө, авто машиныхаа арьс, арал, явах эд ангийн зэвэрч хуучрах процессийг хурдасгадаг бөгөөд илүү мөнгө төлж өөрийнхөө машиныг эвдрэх, хуучруулах ажлыг хийдэг байх нь.
Дээрх байдлаас яаж ангижрах вэ? Та гаражийнхаа агаарын температурыг 2~5°С (хамгийн ихдээ 10°С) байхаар тохируулах хэрэгтэй. Зарим тохиолдолд мэргэжилтнүүд гаражийн агаарын температурыг 0°c-ээс ялимгүй доогуур байлгах нь оновчтой гэж үздэг байна. Энэ бол хялбархан хийж болох ажил юм. Дээр нь та дулааны эрчим хүчний үр ашиггүй зардлаа хэмнэнэ. Өвлийн улиралд дулаан гаражид авто машинаа тавих нь танд тохь тухтай байж болох ч халаалтгүй гаражид машинаа хадгалах нь машин муугаар нөлөөлнө гэсэн үг биш болж таарах нь. Нөгөө талаас, тасалгааны агаарын температурыг 1°с-ээр багасгахад дулааны эрчим хүчний хэрэглээ 5%-иар бууруулах боломжтой гэсэн судалгаа ч бий. Хэрэв бид төвлөрсөн дулаан хангамжийн системээс халаалтаа авч буй 915000 м² талбай бүхий 20,9 Гкал/ц дулааны ачаалалтай гаражуудын агаарын температурыг 5~10°c болгон багасгаж чадвал түүнд шаардагдах дулааны ачаалал нь 5,15 Гкал/ц болж буурах юм. Бий болсон нөөцөөр шинээр 74 ширхэг 1 орцтой 9 давхар байрыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж гарна гэж үзэж болох нь байна. Түүнчлэн шинээр барих барилгуудын гаражийн агаарын температурыг 5°С-аар тооцож хийхэд халаах хэрэгслүүдийн хэмжээ багасч гарна. Энэ нь халаах хэрэгсэлд зарцуулах зардлыг хэмнэх боломжтой болгох юм. Иймд барилгуудын зоорийн давхардахьгаражуудындулааны эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг үгүй болгосноор эдийн засгийн хувьд нэлээд хэмнэлт гаргахаас гадна авто машиныхаа эдэлгээг уртасгах боломжтой болно гэдгийг бид хаа хаанаа анхааран үзэж, амьдралдаа хэвшүүлэх цаг болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ ЭМХЭТГЭЛ /396/