Д.Цэнд-Аюуш: ТҮЦ-үүд халдваргүйтгэлээ зориулалтын газраар хийлгэж, зөвхөн цонхоор үйлчилгээ үзүүлнэ
Өнөөдөр НМХГ-аас зарим үйлчилгээний газрыг нээх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:
"Нээгдсэн болон нээгдэх гэж байгаа газрууд тусгай нөхцөл шаардлагыг заавал биелүүлэх шаардлагатай. Тухайлбал, ТҮЦ-үүд өнөөдөр нээгдэхдээ халдваргүйтгэлээ зориулалтын газраар хийлгэсэн байх бөгөөд зөвхөн цонхоор үйлчилгээгээ үзүүлнэ.
Үйлчилгээний газрууд пос машин болон цахимаар төлбөр тооцоогоо хийж, бэлэн мөнгө ашиглахгүй байхад анхаараарай.
Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд 26 зах, худалдааны төвд хяналт шалгалт хийхэд 56 зөрчил илэрсэн. Бидний тавьсан шаардлагуудыг хангахгүйгээс болж зөрчил дутагдал байнга давтагдаж байна. Тодруулбал,
- Илэрсэн зөрчлүүд дээр улсын байцаагчийн албан шаардлагаар таван газар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
- БЗД-т үйл ажиллагаа явуулж буй "Хан талст" компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
- Бусад газруудад хугацаатай үүрэг өгсөн.
Зах худалдааны төвүүдэд гарсан зөрчилд:
- QR байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулахгүй
- Гар халдваргүйжүүлэх уусмалыг шаардлагатай цэгүүдэд бүрэн байршуулаагүй
- Үйлчлүүлэгчийн гарыг тухай бүрд нь халдваргүйжүүлэхгүй
- Ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл шаардлага хангахгүй
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад хяналт сайн тавихгүй зэрэг зөрчлүүд хяналт шалгалтаар илэрсэн.
Хэрэв шаардлага хангахгүй, зөрчил дутагдлаа арилгахгүй байвал НМХГ-аас томоохон худалдааны төвүүд, ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авна гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.