С.Баяраас зургаа, С.Баярцогтоос дөрвөн тэрбум төгрөгийг улсын орлого болгов

2021 оны 1 сарын 14

УЕПГ-аас жилийн хугацаанд хяналт тавьсан хэрэг зөрчил болон олон нийтийн анхаарлын төвд буй томоохон гэгддэг хэргүүдийн талаар мэдээлэл өгснийг тоймлон хүргэе. 

ПРОКУРОР СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 1580 ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2020 онд 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467544 хэргээр өссөн байна. Зөрчлийн хэрэг шийдвэрлэх үйл явц хоёр хувиар өссөний дотор хэргийн 99 хувьд нь шийтгэл оногдуулж, 0.1 хувийг нь хэрэгсэхгүй болгожээ.Энэ дунд эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн буюу 2.125.899  болжээ.

Өнгөрсөнд болсон УИХ-ын сонгуультай холбоотойгоор 1580, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр 700 удаагийн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Их хурлын ээлжит сонгуулийн явцад 1580 гомдол, мэдээллийг шалгаснаас 139-д зөрчлийн хэрэг нээн, 1306-г хүлээн авахаас татгалзан, 14-д хэрэг нээн шалгасан байна. Харин орон нутгийн ээлжит сонгуулийн явцад 700 гомдол, мэдээллийг шалгаснаас 34-д зөрчлийн хэрэг нээн, 624-ыг хүлээн авахаас татгалзсан байна.Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 69582 хэрэгт хяналт тавьснаас 13596-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 265.328.965.722 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744  төгрөгийн хор уршгийг арилгуулжээ. Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.

АВЛИГЫН ХЭРЭГ ДАРХАНД БАГА, БАЯНХОНГОРТ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДэв

2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал зургаан хувиар өсчээ. Үүнээс 402 хэргийг хааж, 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж,  25-ыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд гурван хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Өнгөрсөн жилийнхийг нутаг дэвсгэрээр нь  авч үзвэл Дархан-Уул аймаг 10 мянган хүн амт тутамд 0.4 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.

Авлигын хэргийн 82.9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлсэн.

Харин прокуророос хяналт тавьсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 17 хувиар буурчээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хүмүүсийн 5.3 хувь нь 17 хүртэл, 70.7 хувь нь 18-29 насны, 22.2 хувь нь 30-44 насны, 1.6 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаагийн 93.4 хувь нь эрэгтэй, 85.1 хувь нь эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.Мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2020 онд хүн худалдаалах 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны  гурав нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна.

ТӨРИЙН БАЙГУУЛ­ЛАГУУДААС ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛ ИРҮҮЛсэн байна

Прокурорын байгууллагад  их наяд 272 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1796 хүсэлтийг төрийн байгууллагуудаас ирүүлжээ. Энэ чиглэлээр 504 иргэний хэрэгт оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн цагаатгалын нөхөх олговор,  садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 932 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож, шүүх 40.2 тэрбум төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 19 хэрэгт оролцож, шүүх 1.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулсан. Эрүүгийн хэргийн улмаас  төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 60 хэрэгт 376.3 тэрбум төгрөгийн, зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 21 хэрэгт 12 сая төгрөгийг, бусад төрлийн иргэний 423 хэрэгт 182.4 тэрбум төгрөгийг, нийт 504 хэрэгт прокурор оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ.Прокурор шалгах, танилцах ажиллагааны явцад хорих анги, цагдан хорих байранд хоригдол, хоригдсон этгээдийг тогтоол шийдвэргүй хорьсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн наймн зөрчлийг илрүүлж, сулласан байна.

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН СИНГАПУР, АНУ ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ХУРААВ

Нийслэлийн прокурорын газар олны танил болон төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой цөөнгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан,Ж.Эрдэнэбат, Салхитын мөнгөний орд, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэн, Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд. Мөн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг, Хятад ард улсын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг, Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Мэдээллийн үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхиий прокурорын орлогч Ц.Насанбат “ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан 23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой асуудал шалгагдаж байгаа” гэлээ.

 Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгожээ. 2020 онд 48 гэмт хэрэгт 21.586.213.463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлсний дотор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн Ерөнхий сайд асан С.Баяраас 3.569.148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, 1.097.130.673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө. Түүнтэй  хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5.766.040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэрэгт 190.000.000 төгрөг,  1,445,200 америк долларыг улсын орлого болгожээ.

Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар  болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.14 ПҮРЭВ № 10 (6487)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622755
1 эможи

Зочин
2021-01-17 18:56
Багахан хэсэг нь л байна баярт 7 н хаус байх ёстой
Зочин
2021-01-17 18:56
Багахан хэсэг нь л байна баярт 7 н хаус байх ёстой
Зочин
2021-01-17 18:56
Багахан хэсэг нь л байна баярт 7 н хаус байх ёстой
Зочин
2021-01-17 18:56
Багахан хэсэг нь л байна баярт 7 н хаус байх ёстой
Иргэн
2021-01-17 18:54
Бутархай нь л байна........
keyboard_arrow_up