Шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ой тохиож байна
Өнөөдрөөс 29 жилийн өмнө Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Монголчууд 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа баталж байсан бол 1992 оны нэгдүгээр сарын 13-нд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж байлаа.
Шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 гаруй депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан.
Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монгол Улсын насанд хүрсэн 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Бусад хуулийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн батлах үүргийг 1992-1996 оны парламент гүйцэтгэсэн.
Монголчууд шинэ Үндсэн хуулиа нийтээрээ хүлээн зөвшөөрч баталсан ч зарим зүйлийг нь үгүйсгэх хандлага гарсаар 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлт ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тийм ч учраас дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэдэг. УИХ 19 жилийн дараа дахин Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь илүү өргөн хүрээг хамарсан бөгөөд хэрэгжиж эхлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрч байна. Одоо УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэн батлах ажлыг хийж байна.