Т.Энхсайхан нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна.
2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 12:00 цагт:
- Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн байцаагч Б.Алтангэрэл,
- гэрч Н.Батцэцэг,
- зөрчилд холбогдогч Т.Энхсайхан, Д.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан явуулсан шүүх хуралдаанаар:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 /Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно/-дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 /Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан/, мөн хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 / Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн /-дахь хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
|