Хөдөлмөрлөх хугацаа нь дууссан 250 хятад иргэнийг нутаг буцаав
Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаалаа.
Тэдгээр иргэн нь Монгол Улсад ноднин 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирсэн бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусжээ. Тухайн иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нутаг буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна. Дээрх иргэд Монгол Улсад 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийн татвар хураамж тушаахын зэрэгцээ аливаа зөрчилд холбогдоогүй ажээ. Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусаж буй иргэдийг тухай бүрт нь үе шаттайгаар нутаг буцаах юм байна.