Маргааш Н.Номтойбаяр нарын гомдлыг хянан хэлэлцэнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар маргааш (2021.01.08) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 7-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай эрүүгийн хэргийг хэлэлцэх юм.
Тодруулбал, Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товложээ.