Прокурорын байгууллагын 2020 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2021 оны 1 сарын 05
Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиолоо

БНМАУ-ын 1930 оны 6 дугаар Их хурлын шийдвэр, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийн дүрэм”-ийг баталснаар Монгол Улсад Прокурорын байгууллага үүссэн түүхтэй бөгөөд 2020 онд Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиосон. Ойн хүрээнд олон ажил, арга хэмжээг зохион байгуулсны дотор үе үеийн Улсын Ерөнхий прокурорууд болон Улсын Ерөнхий прокурорын орлогч нарт хүндэтгэл үзүүлж, дурсамж уулзалт зохион байгуулсан нь онцлох үйл явдал байлаа.

Давхар цагаан шугам олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо

Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран “Давхар цагаан шугам” 10 ангит уран сайхны киног бүтээж, олон нийтэд хүргэлээ. Прокурорын байгууллагын тухай уран сайхны кино өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд энэхүү кино нь прокурор хүний ажил, амьдралын талаар өгүүлсэн дэлгэцийн бүтээл юм.

Прокурорын байгууллагаас “Гавьяат хуульч” төрлөө

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад прокурор Б.Галдааг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. Б.Галдаа нь прокуророор 24 жил, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар 11 жил ажилласан юм. Ийнхүү прокурорын байгууллага нийт 16 “Гавьяат хуульч” цолтонтой боллоо.

Олон Улсын хэмжээний мастер Б.Болдбаатар 1040 км замыг амжилттай гүйж тууллаа

Говь-Алтай аймгийн прокурорын газрын ажилтан, ОУХМ Б.Болдбаатар Говь-Алтай аймгийн Жанчив баатарын талбайгаас Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэлх 1040 км замыг 34 өдөрт амжилттай гүйж тууллаа. Тэрээр Прокурорын байгууллагын 90 жил, Говь-Алтай аймгийн болон тус аймгийн Прокурорын газрын 80 жилийн ойд зориулан энэхүү гүйлтийг санаачилсан бөгөөд Прокурорын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн төдийгүй хөнгөн атлетикийн түүхэнд тод бичигдэх гүйлтийг хийсэн юм.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурлаа

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клечески, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар Хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэлд гарын үсэг зурсан юм. Уг гэрээний хүрээнд АНУ-ын төрийн департментийн Хүн худалдаалахтай тэмцэх газраас 5 сая ам.долларыг тусламж хэлбэрээр Монгол Улсад олгохоор болсон юм.

Хүүхдийн тоглоомын талбай байгуулж өглөө

Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын болон сагсны иж бүрэн талбайг байгуулж, тус хорооны Засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд  хүлээлгэн өглөө. Энэхүү тоглоомын талбайг өнгөрсөн зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд тоглож байхдаа харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны 4 хүүгийн дурсгалд зориулан бүтээсэн юм. Талбай байгуулахад шаардагдах  хөрөнгийг  прокурорын  байгууллагын  нийт прокурор, ажилтнууд хандивласан юм.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622491
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up