Б.ГАНБОЛД: 2040 он хүртэлх хөгжлийг төлөвлөж, батлуулахыг зорьж байна
Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс Монгол Улсын “Хүн ам, нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж байгаа. Тэгвэл төслийн боловсруулалтыг хийж, дунд шатны тайлангаа амжилттай нэгтгэн хүргүүллээ. Төслийг хариуцаж байгаа төслийн удирдагч Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболдтой ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр улиран одож буй 2020 оныг дүгнэж хэлбэл ямар ажлуудыг амжуулж чадсан жил болсон бэ?
-Дэлхийн хэмжээнд 2020 он онцлог жил боллоо. Монголын хувьд цар тахалыг саяхныг хүртэл дотооддоо алдаагүй учраас бидний хувьд олон ажлыг амжуулж чадсан. Барилгын хөгжлийн төв өдөр тутмын үйл ажиллагаандаа Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримталж, ажлуудаа цахим байдалд шилжүүлэх байдлаар ажиллаж ирлээ. Миний хувьд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтэц, судалгаа төлөвлөлтийн гэсэн хоёр хэлтсийн үйл ажиллагаан дээр нэлээд төвлөрч ажиллалаа. Нэгдүгээрт, мэргэжилтнүүдийнхээ ажиллах орчинд анхаарч зохион байгуулалтын өөрчлөлт хийж, байгууллагынхаа таван давхрын заалыг хот байгуулалтын лаборатори “Urban Lab” байгууллаа. Мэргэжилтнүүд нэг дор төвлөрч, эрдэм шинжилгээний баримт бичиг, зураг төслийг боловсруулах нөхцөлийг бий болгож, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болгосон. Мөн хэлтсийн удирдлагууд ч нэг дор мэдээллээ солилцох хамтран ажиллах боломж бүрдсэн. Хоёрдугаарт, төслийг хэрэгжүүлэгч хоёр хэлтсийн дарга, 13 мэргэжилтэнтэй нэг бүрчлэн тулж ажиллаж, хувь хүний онцлог чадавхи чадамж, давуу тал дээр түлхүү анхаарч ажлыг тэнцвэртэй хуваарилалт хийж, ойлголцож чадсанаар судалгааны болон үнэлгээний ажил илүү оновчтой цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмж өндөр байлаа. Энэ бол баг хамт олон нэгдэж чадсаны үр дүн гэж харж байгаа.
Гуравдугаарт, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын эрдэмтэн, академич, профессор докторууд, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургууль, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй өргөн хүрээнд хурал семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж хамтран ажиллалаа. Ингэснээрээ салбартаа манлайллыг тогтоож, мэргэжлийнхний дэмжлэгийг авч байгаа. Мөн “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг үзүүлэлтийг хангаж чадлаа.
-Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийн дундын тайланг Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өглөө. 2021 онд ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллах бэ?
-ХАНСХЕТ-ийн хүрээнд дөрвөн том шатлалтай үйл ажиллагаа явуулна. Тодруулж хэлбэл 21 аймаг, 330 сумын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийнэ. Хоёрдугаарт, судалгаан дээр үндэслэн нутаг дэвсгэрийн болон хот суурингийн үнэлгээг хийх, Гуравдугаарт дээрх үнэлгээний үр дүнд тулгуурлан төлөвлөлт хийх юм. Энэ төлөвлөлт 2040 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон зайн болон хүн амыг яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөөллийг хамгийн бодит хувилбараар буюу шинжлэх ухааны үндэслэлтэй 2-3 хувилбартай төлөвлөнө. Дөрөвдүгээрт, дээрх үндэслэл, судалгаа, дүгнэлт, төлөвлөлтийн баримт бичгээ Засгийн газар болон УИХ-аар батлуулах ажил юм. Энэ дөрвөн том ажлын хүрээнд судалгаагаа амжилттай дуусгаж, үнэлгээний шатны тайланг өгсөн байна.
-ХАНСХЕТ-ийн тайланг ямар үр дүнтэй үнэлэгдсэн бэ?
-Манай тайланд техникийн хяналтыг хийж байгаа Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын Хот байгуулалтын хэлтэс “Үнэлгээний шатны тайлан”-г 92 хувиар үнэлсэн. Энэ бол маш том үзүүлэлт. Тайлангийн хүрээнд гурван боть тайлан, 11 зураглалын ажил хийгдсэн. 10 зураг нь 1:1,000,000 масштабтай. Нэг зураг нь 1:500,000 масштабтай үндсэн зургуудыг амжилттай боловсруулаад хүлээлгэж өгсөн.
Төлөвлөлт болон төлөвлөлтийн үе шатны хэлэлцүүлгүүдийг 21 аймгийн орон нутгийн ажлын хэсэг, салбар яамд, МАЭ-ийн Мэргэжлийн зөвлөл, БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл, БХБСайдын зөвлөл, Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж, эцсийн байдлаар 2021 оны УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын “ХАНСХЕТ- 2040” он хүртэл орон зайн төлөвлөлт стратегийн бодлогын баримт, бичгийг оруулж батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллах болно. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч цар тахлын улмаас шаардлагатай хэлэлцүүлэг семинарыг хурдан шуурхай цахимаар хуралдуулж хэлэлцүүлээд явж байна. 2021 онд цахим шилжилт хийх ажлыг төлөвлөж байна. Дашрамд дурдахад энэ сарын 24-нд ХАНСХЕТ-ийг боловсруулах арга зүйг Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж 100 хувийн саналтайгаар дэмжигдсэн. Энэ аргазүйн хүрээнд төлөвлөлтөө боловсруулна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн бүсийн хуваарь, бүсийн тулгуур төв, зам тээвэр дэд бүтэц, эрчим хүчний их үүсвэр технологийн шийдэл, уул уурхай түшиглэн хот суурин газар хөгжүүлэх, аялал жуулчлал дагасан хөгжил, хөдөө аж ахуй дагасан хөгжил гээд макро түвшний олон салбарын хөгжлийг гаргаж ирсэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтүүд гарч ирнэ.
Ярилцсанд баярлалаа