Н.Энх-Амгалан: Ээжийгээ амьдад нь баярлуулж, хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаадаа баяртай байдаг

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Шинэ оны босгон дээр цагдаагийн байгууллагын ажил мэргэжлийн шилдэг тэргүүний алба хаагчдынхаа ярилцлагыг та бүхэндээ хүргэж  байгаа билээ. Энэ удаа Мөрдөн байцаах албаны 2020 оны "Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч", "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнагдсан Хүнд гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н. Энх-Амгаланг  урилаа.

Тэрээр 2010 онд Мөрдөн байцаах газрын даргын баярын бичиг, Цагдаагийн хэлтсийн даргын хүндэт өргөмжлөл, 2011 онд Цагдаагийн хэлтсийн “Хөдөлмөрийн аварга”, 2012 онд Мөрдөн байцаах газрын даргын хүндэт өргөмжлөл, “Мөрдөн байцаагч-2012” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч,  гурван жилийн ажлын үр дүнгээрээ ахлах мөрдөн байцаагчийн нөөцөд орж, 2013 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах дэслэгч цолтой ахлах мөрдөн байцаагчаар томилогдож байсан шилдэг мөрдөгчдийн нэг юм.

Та цагдаагийн алба хаагч болохыг багаасаа мөрөөддөг байсан уу? Аль эсвэл хувь тавилангийн эрхээр энэ албатай ажил амьдралаа холбох болсон уу? Энэ тухай яриагаар ярилцлагаа эхэлье

Би цагдаагийн байгууллагын алба хаагч болохыг багаасаа мөрөөддөг хөвгүүдийн нэг байсан. Миний нагац цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н.Мөнхмандах, цагдаагийн бэлтгэл хошууч Н.Мөнх-Оч  ах нарыгаа хүүхэд байхдаа харж бахархдаг байлаа. 5 дугаар ангид байхад ангийн багш маань сурагчдаас ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ? гэсэн асуултад би “цагдаа” гэж ганцхан үг бичсэн байдаг. Тэр талаар одоо 10  жилийн ангийн багш маань дурсан ярьж, шавь маань зорилгодоо хүрч, тууштай сайн ажиллаж байгаа шүү гэж  урам хайрладаг юм.  

Та эргүүлийн цагдаагаас эхлээд ахлах түрүүч болж  Цагдаагийн академид суралцжээ. Мөн орон нутаг, дүүргийн цагдаагийн газар хэлтэст ажиллаж байгаад албандаа ирж ажилласан байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа хүнд цаг хугацаа их зөв замчилдаг гэж боддог, таны хувьд?

Би 2004 онд 10 дугаар ангиа төгсөөд Цагдаагийн академийн Анхан шатны сургалтын төвд элсэн суралцахаар шийдэж, бие бялдрын шалгалт, эрх зүй, нийгмийн ухааны мэдлэг сорих  шалгалтад орж тэнцээд энэхүү нэр хүндтэй сургуулийнхаа босгоор алхаж, айх, сүрдэх зэрэгцэж байснаа огт мартдаггүй юм.

Тэгээд хээрийн сургалт, танхимын сургалтад 3 сарын хугацаанд хамрагдаад “цагдаа” мэргэжлээр төгсөж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт цагдаагаар томилогдон, эргүүлийн цагдаа, жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд цагдаагийн хэлтсийн офицер алба хаагч, тэр дундаа мөрдөн байцаагч тэвхийсэн, цэмцгэр ах нарыг хараад офицер болох хүсэл эрмэлзэлтэй болсон. Тухайн үед Цагдаагийн академийн өдрийн ангид элсэлтийн  шалгалт өгч, тэнцэж орно гэдэг амаргүй, ажиллагсдаас цөөн алба хаагч тэнцүүлдэг байсан.

Та мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар алхам хийсэн бэ? Сургуульдаа тэнцэж байсан тэр мөчүүдээ одоо дурсвал тантай адил  хүсэл мөрөөдөлтэй залууст сургамж болох болов уу?

Элсэлтийн шалгалтад тэнцэхийн тулд би Нийгмийн ухааны 3700 тест, Эрх зүйн удиртгал гэх 3500 тесттэй хоёр номыг худалдан авч, жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэхдээ болон гэртээ амарч байхдаа тогтмол уншиж судлан тестийг бөглөж, алдсан тестүүдээ тэмдэглэж, нүдэлсээр нэг сарын дотор 7200 тестийг цэг, таслалгүй цээжилсэн. Эхнэр маань 7200 тестийн хаанаас ч хамаагүй надаас асууна. Харин  би зөв хариултыг шууд хэлж хамтарч бэлдсэн дээ /инээв/.

2005 оны 07 дугаар сарын 20-ны үед байсан санаж байна. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын гээд нийт 350 цагдаагийн алба хаагч шалгалт өгснөөс 30 алба хаагчийг л тэнцүүлж авна гэсэн болзолтой байсан юм. Би 19 дүгээрт жагсаж, тэр үеийн Цагдаагийн академийн Бакалаврын сургалтын факультетад суралцах эрхтэй болсон. Ээж минь “Миний хүү заавал тэнцэх ёстой шүү” гэж хэлээд намайг дагаж явж билээ. Тэгээд сургуулийн гадаа шалгалтынхаа хариуг сонсохоор өдөржин хүлээсний эцэст тэнцсэнээ сонсоод их баярлаж, ээждээ үнсүүлээд хоёулхнаа дэлгүүр ороод амттай зүйл авахуулж идээд, автобусанд суугаад гэртээ  харьж байсан минь саяхан мэт санагдаж байна.

Харин намайг  цагдаагийн сургуульд орох, төгсөх гээд бүх сайхан дурсамжтай үед аав маань дандаа хөдөө тээврийн жолооч хийгээд явж таарсан. Утсаар л ярьж баяр хүргэж, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хөлсөө дуслуулж явсан даа.  Хожим ээж минь бурхны оронд явахаасаа өмнө “Миний хүү сайн ажиллаарай, ээж нь хүүдээ хайртай шүү, үргэлж хүүгээ харж явах болно” гэж хэлснийг нь өдөр бүр бодож, ажилдаа амжилт гаргахын төлөө улам их хичээж ажилладаг юм. Ээжийнхээ  захиасаар хичээж яваа залуусын нэг  юм.

Цагдаагийн академид  суралцаж, анхны томилолт өвөртөлж байсан өдрүүд чинь ард үлдэж,  хүсэл мөрөөдөлдөө хүрч, мөрдөгч болжээ. Энэ мөчөө эргэн дурсана уу?

Цагдаагийн академийн өдрийн ангид элсэн орж, сонсогчийн амьдралаар 4 жил суралцсан. Энэ хугацаанд тухайн  үед цагдаагийн хошууч байсан, одоо Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг багшийнхаа даасан ангид хуваарилагдаж, сургуулийнхаа эрдэмтэн багш нарын ачаар их зүйлийг сурч мэдэж авсан. Мөн курсийнхээ олон сайхан залуучуудтай мөр зэрэгцэн суралцаж, дамжааны орлогч түрүүч, курсийн жагсаалын дарга, ахлах түрүүч цолтойгоор суралцаад амжилттай төгсөөд цагдаагийн дэслэгч цол зүүж байсан нь амьдралын минь хамгийн баяртай мөчүүдийн нэг байсан.

Тэгээд Цагдаагийн ерөнхий газрын 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах 1 дүгээр тасагт мөрдөн байцаагчаар томилогдож, өдгөө 74 жилийн түүхтэй хүндтэй албанд ажиллах хувь тохиож байсан. Анх мөрдөн байцаагчаар томилогдоод ажиллаж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйл их гарсан, ур чадвар шаардсан ажиллагаанууд ч олон тулгарч байлаа.

Тэр болгонд тасгийн дарга болон дадлага туршлагатай мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч нараасаа асууж лавлах, зөвлөгөө авах зэргээр өөрт тулгарсан бэрхшээлийг даван туулж, улам хичээж ажилласны үр дүнд хүнийг санаатай алах гэмт хэргийг илрүүлж, 2009 ондоо “Хамгийн үнэтэй мэдээлэл олсон алба хаагч” гэсэн шагналыг авч их л урам авч  байсан юм.     

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллах хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтаршил, амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэд ихээр амьдардаг зэргээс шалтгаалж хүнийг алах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгддэг байсан. Намайг   харин шилдэг тасгийн хамт олон угтсан. Ингээд хүнд ноцтой гэмт хэрэг гарахад хэргийг өөрөө барьж шалгадаг, төвийн хэлтсүүдээс ирсэн алба хаагч нартай хамтарч ажилладаг, туршлага судалдаг, шуурхай нотлох баримтыг бүрдүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох чиглэлээр өдөр, шөнөгүй л ажилладаг байсан минь олон зүйлийг сурч мэдэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг илүү чанартай хийж сурах зэргээр хэрэг шалгах арга барилд суралцсаар байсан.  

Ер нь дүүрэг, орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа мөрдөгч нар бол эрүүгийн хуулинд цагдаагийн байгууллага шалгахаар харьяалуулсан бүх төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг учраас ажлын ачаалал их, тухайн мөрдөгчөөс ажлын цаг ашиглалт, төлөвлөлт сайтай, шуурхай дайчин, ур чадвартай байхыг шаарддаг онцлогтой. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мөрдөн байцаах газрыг татан буулгах шийдвэр гарч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг Мөрдөн байцаах газрын “2013 оны ажил мэргэжлийн аварга” тасгаар шалгарч байсан юм.

Та мөн багагүй хугацаанд орон нутагт ажилласан байна. Дүүрэгт ажиллах орон нутагт ажиллах ялгаатай болон давуу тал ямар байдаг вэ? Хэрхэн туршлага хуримтлуулсан бэ?

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч /орлогч/, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн дарга, Мөрдөн байцаах хэсгийн даргаар тус тус ажилласан.

Замын-Үүд сум бол Монгол улсын хамгийн том боомт байрладаг, авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өдөр бүр 1500-2000 иргэн, 500-800 ширхэг тээврийн хэрэгсэл явж, улсын хилээр нэвтэрдэг онцлогтой газар. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, нийслэл хотын дүүргүүдэд төдийлөн бүртгэгдээд байдаггүй улсын хилийн дэглэм зөрчих, татвар төлөхөөс зайлсхийх, хориглосон хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргүүд бүртгэгддэг.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод Монгол улсын иргэд гэмт хэрэгт өртөж, хохирох, эсхүл гэмт хэрэг үйлдээд Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн хэргүүдэд хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Мөн Замын-Үүд суманд төрийн 14 байгууллага зэрэг үйл ажиллагаа явуулдаг, улсын хил дээр гарсан зарим төрлийн гэмт хэргүүдэд бусад төрийн байгууллагатай хамтарч ажиллах, салбар хуулиудыг судалж мэдэх, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шуурхай бодитой тогтоох шаардлагатай учраас мөрдөгч нараа сурган дадлагажуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж, хамтарч ажилласнаар нэлээдгүй хэргүүдийн ард гарч байсан.

Орон нутагт ажиллаж багагүй туршлага хуримтлуулжээ. Энэ хэлтэстээ хэзээнээс ажиллах болсон бэ?

Орон нутагт гурван  жилийн хугацаанд ажиллаад гэр орон, аав, ээж, ах дүү нар маань бүгд л Улаанбаатар хотод байсан учраас хот руу шилжин томилогдох хүсэлтээ Мөрдөн байцаах албаны даргад өгснөөр 2018 оны 05 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр томилогдож ажилласан. Энэ хэлтэс маань Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон нийслэлийн дүүргүүдэд үйлдэгдсэн хүнийг алах, бага насны хүүхэд хүчирхийлэх, гадаад улсын иргэний үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажилладаг.

Ахлах мөрдөгчөөр ажиллах хугацаандаа хүнийг алах, бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэргүүдэд дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажилласан. 2018 оны 10 дугаар сараас эхлэн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Чиглэлийн ахлах мөрдөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Миний хувьд анх Цагдаагийн сургууль төгсөөд л мөрдөн байцаагч болно гэж хүсэлтээ өгч байсан. Энэ хүндтэй албандаа томилогдож ороод их зүйлийг сурч мэдэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явах чин хүсэл зорилготойгоор өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Мөрдөн байцаах албаныхаа энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх боломж олгосон хамт олон, дарга удирдлагуудынхаа  итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ажиллаж байна даа.                       

Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгана гэдэг алба хаагчаас илүү их ур чадвар туршлага шаарддаг болов уу?

Би сонсогч байхаасаа л тэр үеийн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж үзэх юмсан гэж бодож мөрөөддөг байлаа. Тэгээд 3 дугаар дамжаагаа төгсөөд үйлдвэрлэлийн дадлагаа энэ хэлтэст хийх гэж хичээсэн боловч тухайн үеийн хуваарь таараагүй, цөөхөн сонсогч дадлагаар авна гээд би багтаж чадаагүй юм. Сургуулиа төгсөөд мөрдөн байцаагч болсны дараа сар бүр Мөрдөн байцаах газрын тайлангийн хурал, цугларалт болдог. Энэ хурал дээр төвийн хэлтсүүдээс Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байгаа ах нарыг хараад бахархдаг байсан. Би ч болоогүй байна даа, энэ ах нарын зэрэгт хүрнэ гэдэг ч хол байна, гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ, хэзээ нэг өдөр би энэ хэлтэст орж ажиллах л болно гэж дотроо бодож санаж ажилладаг байсан.

Та Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхээ ажил албаны онцлогийг яривал?

Мөрдөн байцаах хэлтсийн бүтцэд хүн амь, дээрмийн гэмт хэрэг мөрдөн илрүүлэх хэлтсийг 1957 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулснаар хүн амь, дээрмийн хэрэг мөрдөх тасаг, чухал хэргийг мөрдөх хэлтэс, онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гэж нэршлийн хувьд өөрчлөгдөн өнөөг хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус хэлтэст Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон гэмт хэрэг, гомдол мэдээлэлд болон Улсын ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хавсралтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хүнийг алах/, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан /хүчиндэх/ гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд дотроос хүнийг алах гэмт хэрэг нь нийгэм хувь хүнд учруулж буй хор уршгаараа ихээхэн аюултай хэрэгт тооцогддог. Энэ гэмт хэргийн уршгаар хүн юугаар ч нөхөж орлохгүй алтан амиа алддагаараа нийгмийн хор аюулаар хамгийн хүнд ноцтой хэрэг юм. Хүн амины хэрэг гэдэг нь бусдын амь насыг ил ба далд аргаар, санаатай ба болгоомжгүйгээр хууль бусаар бүрэлгэж буй үйлдэл эс үйлдлийг хэлдэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад мэргэжлийн ур чадвар, ухаан, хүч хэрэгслийг илүү шаарддаг онцлогтой.

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг ч мөн ялгаагүй, дөнгөж хорвоо ертөнцтэй танилцаж эхэлж байгаа цэцэг шиг ургаж байгаа хүүхдийн гэгээн цагаан ирээдүй, хүсэл мөрөөдлийг харлуулдаг, бүх л амьдралынх нь туршид арилахааргүй хар толбо үлдээдэг нийгмийн хор уршгаараа аюултай гэмт хэрэг.

Хүчиндэх гэмт хэргийн улмаас бага насны хохирогч болон түүний ойрын хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаанд ихээхэн хохирол учирч байна. Тухайлбал хохирогч нас барсан, амиа хорлосон, сэтгэцийн эмгэгтэй болсон, жирэмсэн болсон, ураг хөндүүлсэн, бэлгийн замын халдварт өвчтэй болсон, сургууль завсардсан, гэрээсээ дайжсан, гэр бүл салсан, биеэ үнэлэх болсон, бэлгийн замбараагүй харьцаанд орж эхэлсэн зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог.    

Хүнийг алах, бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн дуудлага мэдээлэлд мөрдөгчийн зүгээс хэргийг илрүүлэх чиглэлээр хамгийн анхны ажиллагаа /А үсэг/ болох хэргийн газрын үзлэгийг чанар, үр дүнтэй хийж, гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг бүрэн дүүрэн илрүүлж бэхжүүлэх, шинжилгээнд хүргүүлэх тал дээр онцгой анхаарах нь чухал. Ингэснээр тухайн хэргийг цаашид шалгах ажиллагааны чиглэл, верс таамгийг зөв оновчтой дэвшүүлж ажилласнаар гэмт хэргийг шуурхай шалгах, гэмт этгээдийг олж тогтоох, илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Аливаа гэмт хэрэг нь хүний идэвхтэй үйлдлийн улмаас бий болж байдаг, ямар нэг байдлаар ул мөрөө үлдээж байдаг материаллаг зүйл шүү дээ.

Гэмт этгээдийг олж илрүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг өргөн хүрээнд цогцоор нь хийж гүйцэтгэж, хэргийг тал бүрээс нь бүрэн нотолж, прокурор, шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлж ажилладаг.     

Мөрдөгч бидний хэрэг шалгах явцад хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа бүр гагцхүү хуулийн хүрээнд хийгдсэн байх ёстой. Хуулиас гадуур ямар ч ажиллагааг хийж болохгүй, хуульч нотлох баримт гэж хэлээд байгаа нь энэ юм. Бид хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаж чадаагүй л бол хүний эрхийг зөрчинө, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл тулгарна, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших нөхцөл боломжийг бүрдүүлэх, улмаар мөрдөгч өөрөө сахилга, ёс зүйн болоод гэмт хэрэгт холбогдох сөрөг үр дагаврууд бий болох аюултай.

Иймд зөвхөн хүнд ноцтой гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа анхаарах гэхээсээ илүү мөрдөгч хүн өөрийн шалгаж байгаа хөнгөн, хүнд хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулинд нийцүүлж ажиллах нь хамгийн чухал бөгөөд /гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх/ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж байгаа юм.               

Та өөрийн ажил мэргэжилдээ баримталдаг  гол зарчмаасаа хуваалцвал...

Миний хувьд анх мөрдөн байцаагчаар томилогдсоноос хойш 12 дахь жилдээ энэ албандаа тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд дүүрэг, орон нутаг, төвийн хэлтсүүд гээд олон сайхан хамт олон, дарга удирдлагуудтайгаа хамтарч, тэднээс суралцаж, нэг баг болж ажилласаар өнөөдрийг хүрч байна. Цаашдаа ч улам хичээж ажиллаж суралцсаар байх болно.

Миний анхнаасаа өөртөө баримталсан зарчим бол ямар ч эрүүгийн хэргийг шалгахдаа “би энэ хэргийг шалгаж чадахгүй, их чадвар шаардсан хэрэг байна, би шийдэж чадахгүй, надаас илүү чадвартай нэг нь шалгах юм байна гэж огт бодож байгаагүй, тэгж шантарч үзээгүй.

Тийм ч учраас 2009 онд мөрдөн байцаагчаар дөнгөж ажиллаж эхлээд удаагүй тэр оныхоо 10 дугаар сард хүнийг алах гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг авч, шалгах төлөвлөгөө гаргаж, тасгийн даргадаа танилцуулж, мэдүүлэг авах ажиллагааны асуултуудыг зөв оновчтой тавьснаар тухайн хэргийг үйлдсэн этгээдийн талаарх анхны мэдээллийг авч, хэргийг эзэн  холбогдогчийг тогтоож, их урам зориг авч байснаа санадаг юм.    

Дарга, удирдлагаас ямар ч хэргийг хуваарилж болно, үүнийг өөрийгөө харуулах боломж гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй гэж би боддог. Би өнөөдрийг хүртэл мөрдөгч, ахлах мөрдөгч, чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллахдаа өөрт оногдсон нэг ч эрүүгийн хэргийг би шалгаж чадахгүй юм байна гэж буцааж, өөр хэн нэгэнд өгч байгаагүй.

Мөрдөгч гэх энэ хариуцлагатай ажил мэргэжлийг сонгосон  шинэ залуу алба хаагч нартаа хандаж хэлэхэд битгий өөрийгөө голж,  би чадахгүй юм байна гэж  бодоорой. Өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлж, урамшуулж, хамгийн гол нь ажилдаа дур сонирхолтой байх нь чухал юм шүү. Үүнээс гадна түрүүн хэлсэнчлэн ажлын цаг ашиглалт, ажлын зөв төлөвлөлт, ялангуяа эрүүгийн хэрэгт түүвэр, шалгах төлөвлөгөөг тогтмол хийснээр ямар нэг процессын алдаа, зөрчил гаргах нь харьцангуй багасдаг.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бичиг үйлдэхдээ тогтмол хуулийн зүйл, хэсгээ харж, хуулийн хэрэглээ, хуулийн үг хэллэгийг оруулж хэвших шаардлагатай. Зөвхөн  прокурорын байгууллагаас баталж гаргасан маягтын хүрээнд сэтгэх биш, түүнээс өөр байдлаар яаж дэлгэрэнгүй ойлгомжтой баримт бичиг үйлдэж болохоор байна гэдгийг олон талаас нь харж сурах, өөр бусад салбар, хууль эрх зүйг судлах, үйл ажиллагаандаа ашиглаж хэвших гэх мэт хууль хэрэглэх чадвараа сайжруулж ажиллах нь илүү үр дүнтэй.        

Та цагдаагийн алба болон Мөрдөн байцаах албаараа хэрхэн бахархдаг вэ?

Цагдаагийн байгууллагын хуулийг хэрэгжүүлдэг төрөл албадууд дотроос хамгийн их хүндтэй бөгөөд хариуцлагатай, хүний амьдралыг шийддэг, гагцхүү хуулийн хүрээнд ажиллахыг шаарддаг зүрх нь болсон алба бол Мөрдөн байцаах алба гэж би боддог.  Яагаад гэвэл хүний үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хязгаарлаж чаддаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг хийсэн  этгээд аль болох илчлэгдэхээс зайлсхийж, өөрийн ул мөрөө далдлах, мөрдөлтөөс булзахыг оролддог. Тиймээс гарсан гэмт хэргийг шалгах, илрүүлэхэд биднээс ур чадвар, ухаан, шуурхай дайчин, ажигч гярхай байдлыг шаарддаг.

Мөрдөгчийн шалгаж байгаа эрүүгийн хэргийн цаана хохирсон иргэний хувь заяа, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувь заяа яригддаг. Иймд бид хуулийн хүрээнд зөв сайн ажиллаж чадсанаараа аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг тогтоож, гэмт үйлдэлд нь тохирсон ял шийтгэлийг шударгаар оногдуулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээх арга хэмжээг авахуулж чаддагаараа ихээхэн бахархалтай алба юм. Би Мөрдөн байцаах албаараа үргэлж бахархсаар ирсэн, цаашдаа ч бахархсаар байх болно.

Эцэст нь хэлэхэд Мөрдөн байцаах албаны үе үеийн ахмад буурлууд, энэ албанд ажиллаж байсан удирдлагууд, алба хаагч нар болон одоо ажиллаж байгаа удирдлагууд алба хаагч нартаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, та бүхний минь мөр нь цагаан үйлс нь гэгээн байж, Монголын цагдаагийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай гэж хүсье. Баярлалаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622381
4 эможи

Эрдэнэт
2020-12-31 09:48
Тийм шүү, аав ээж нар Бурханы орноос ч үр хүүхдээ харж ивээж явдаг гэдэг. Залуу-д баяр хүргэе.
keyboard_arrow_up