БНСУ-ын төлөөлөгчдийг Монгол Генерал төвд хүлээн авлаа
БНСУ-ын “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн тэргүүн, чөлөөнд гарсан генерал Чой Юун Рим тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд “Монгол Генерал төв”-тэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийн талаар судлах зорилгоор гаргасан хүсэлтийнх нь дагуу “Монгол Генерал төв”-ийн тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний энэхүү хоёр байгууллага нь албан ёсны харилцаа тогтоож, харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой юм гэдэг дээр санал нэгдлээ. “Монгол Генерал” төв нь 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, ажил хэргийн холбоотой байгууллагууддаа мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж, өдгөө энх тунх байгаа 82 генералдаа хүндэтгэл үзүүлсэн билээ.