Ч.ЧИНБАТ: ТЦА-аас гадаад улс орнуудад зөрчлийг шийдвэрлэж буй зохицуулалт, үр нөлөөг СУДАЛСАН

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Олон нийтийн газар тамхины иш, хог хаясан бол торгоно гэсэн заалт байдаг. Энэ хууль хэрэгжиж байна уу. Ялангуяа айлууд цонхоороо хогоо гаргаж шидэх зөрчил маш их байдаг. Хэрхэн тэмцэж, ямар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийг заасан бөгөөд олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” тодорхой хуульчилсан. Цагдаагийн алба хаагчид 2019 онд дээрх зүйлд заасан зөрчил үйлдсэн 5114 хүнийг 129690 төгрөгөөр, 2019 оны эхний 7 сарын байдлаар 5377 хүнд 126.925 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн алба хаагчид шийтгэл их оногдуулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Ихэнхдээ зөрчил үйлдсэн түүнд холбогдсон иргэдээс ийм санал, гомдол гаргах явдал олонтаа. Цагдаагийн байгууллага, алба хаагчид Зөрчлийн тухай хуулийг хүнд торгууль оногдуулахад чиглэсэн гэдэг байдлаар хардаггүй бөгөөд бид улс орны болон нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, дэг журам, хүн зоны амар тайван амьдрах хэвийн нөхцөлийг баталгаажуулан хангах, нийгэмд төлөвшин амьдрах арга ухаан, соёлд суралцахад үзүүлж буй эерэг нөлөөг нь тооцож илүү өргөн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зорьдог.

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулдаг болсон. сайн тал гэвэл айлууд гэртээ чангаар хашгирах, муудалдах, архидан согтуурахаа больсон байна гэж иргэд ярьж байна.Хичнээн хүн, хичнээн айлд он гарсаар торгууль ногдуулж арга хэмжээ авсан бэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилсан. Цагдаагийн алба хаагчид 2019 онд уг зөрчлийг үйлдсэн 1068 хүнд 106800 төгрөгөөр, 2020 оны эхний 7 сарын байдлаар 2363 хүнд 236300 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

-Хүмүүсийн хамгийн их ярьдаг сэдэв бол хүний машин таглаж, орц гарц хааж, гарааш таглаж машинаа орхиод явдаг зөрчил их байдаг. үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ. энэхүү зөрчлийг арилгах зорилгоор хуулийн хэрэгжилтийг чангатгаж өгөх хэрэгтэй байна гэдэг саналууд иргэдийн дунд их яригддаг. Энэ асуудал дээр мэдээлэл өгөөч?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 57 үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Таны ярьж байгаа хороолол доторх орц, гарцыг хааж автомашинаа байрлуулах, хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хориглосон газарт тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус хуульчилсан. Дашрамд хэлэхэд, Цагдаагийн байгууллагын хэмжээнд илрүүлж, шалгаж шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлдэг бөгөөд энэ төрлийн зөрчилд оногдуулах шийтгэлийн хэмжээг оновчтой, тухайн зөрчлийг удаа дараа үйлдээд байгаа хүнд нөлөөлөхүйц хэмжээнд тогтоох талаар иргэд, цагдаагийн алба хаагчдаас санал, хүсэлт ирүүлдэг. Мөн Тээврийн цагдаагийн албанаас гадаад улс орнуудад зөрчлийг шийдвэрлэж буй зохицуулалт, үр нөлөөг судалсан. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийг сайн дураар төлөөгүй бол сар бүр 10 хувиар нэмэгдэх ба жилийн эцэст тухайн зөрчил гаргагчид албан мэдэгдэл хүргүүлж, хэрэв төлөөгүй бол тээврийн хэрэгслийг албадан саатуулах замаар гүйцэтгэлийг хангуулдаг.

Бас Чех Улсад зөрчил үйлдсэний улмаас бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн шийтгэлийг заасан хугацаанд нь төлөөгүй бол төрийн бүх үйлчилгээнд хязгаарлалт тогтоох замаар гүйцэтгэлийг хангуулдаг. Мөн Америкийн Нэгдсэн Улсад муж бүр өөр өөрийн хууль, дүрэмтэй боловч ихэвчлэн тухайн торгууль тодорхой хувиар нэмэгдэх замаар өсч, цагдаагийн алба хаагч шалгах үедээ уг зөрчлийг илрүүлэн, хэрэгжилтийг хангуулдаг зэрэг зохицуулалтууд байдаг.

-Саяхан твиттерт нэг иргэн өөрт тохиолдсон явдлаа мэдээлсэн байсан. “Гудамжинд согтуу хүн настай хүмүүсийг зодож байгааг хараад салгах гэтэл намайг тоосгоор цохиж гэмтэл учруулахыг завдсан учраас тэр хүнийг хоёр гурав цохиод унагаасан. Гэтэл олон нийтийн газар танхайрсан үйлдэл гаргасан гээд зөрчлийн хуулиар торгууллаа” гэж бичсэн байсан. иймэрхүү жишээнүүд иргэдийн дунд их яригддаг. Ер нь хүнд туслах гэсэн биш өөрөө торгуулчихдаг энэ байдлыг зөрчил гэж үзэх нь буруу биш үү?

-Ямар асуудал болсон талаар тодорхой бодит мэдээлэл байхгүй тул шууд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна, миний хувьд. Харин аргагүй хамгаалалтын талаар тодорхой, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” хуульчилсан байдаг. Түүнчлэн хуульд зааснаар аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх бөгөөд довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцдоггүй гэдгийг ойлгох нь зүйтэй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан, шүүхээс шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл иргэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: Эх сурвалж "Өдрийн сонин" Сэтгүүлч Х.Цэнд-Аюуш 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619540
1 эможи

Зочин
2020-08-31 13:23
keyboard_arrow_up