ЦЕГ: “ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ“ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” соён гэгээрүүлэх аяныг энэ оны эхнээс эхлэн үе шаттай зохион байгуулж байна.
Энэхүү аяны дараагийн үе шат болох “Хариуцлагатай алба хаагч” үйл ажиллагааны нээлтийн цахим хурал өнөөдөр /2020.08.27/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд боллоо.
Цахим хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын Ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаар ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд болон “Юнител” ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, аймаг, дүүрэг дэх Прокурорын газар, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат: "Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн аяны хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээхэд чиглэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулах, төв болон орон нутаг дахь цагдаагийн байгууллагад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, хамтарсан шалгалт хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ” гэж хэллээ.
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг:
-“2021 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсны 20 жилийн ой тохионо. НҮБ-аас 1984 онд баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид Монгол Улс 2000 онд нэгдэж орсон. Тийм учраас НҮБ-ын гишүүн орны хувьд хэн гэдгээс үл хамаараад бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах, ялангуяа төрд ажиллаж байгаа албан хаагчдыг гэрээ, конвенцийн заалтыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон юм.
Харин “Юнител” ХХК нь энэ аяны хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад сургалт явуулах, техник технологийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.