Газ үнэрлэж байгаад дэлбэрч өсвөр насны гурав, насанд хүрсэн хоёр хүн хохирчээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд газ дэлбэрсний улмаас өсвөр насны гурван хүүхэд эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хэрэг гарсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, 10 дугаар байрны 4 дүгээр орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.22-ны өдрийн 16:12 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд 08.22-ны өдрийн 14:35 цагт иргэн 17 настай, эрэгтэй Э, /биеийн 21 хувь түлэгдэлтэй/, 17 настай, эмэгтэй З, /биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд/, 19 настай, эрэгтэй Э, /биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
Мөн Иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2 гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн. Эдгээр иргэд нь тус орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн байна.