ФОТО: “БАРИЛГА-ОРОН СУУЦ 2020” үзэсгэлэн НЭЭЛТЭЭ хийлээ
Жил бүрийн Барилгачдын баярыг угтан зохион байгуулагддаг салбарын томоохон арга хэмжээ болох "БАРИЛГА-ОРОН СУУЦ 2020" үзэсгэлэн Мишээл экспо төвд өнөөдөр 12 цагт нээлтээ хийлээ.
Улс орны хөгжлийг тодорхойлогч барилгын салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, барилгын салбарын өнөөгийн хөгжлийг таниулан сурталчлах, олон нийтэд орон сууц болон барилгын материалыг дэлгэн танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан амьд холбоог бий болгодог онцлогтой “БАРИЛГА ОРОН СУУЦ” үзэсгэлэн 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа нь энэ юм.
Нээлтийн ёслолд Барилга, Хот байгуулалтын яамны ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон тэргүүн дэд дарга нар болон салбарын холбоодуудын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Үзэсгэлэнд шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын үндэсний хэмжээний томоохон, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт нийт 110 гаруй компани оролцож талбай засалтаа хийж үзэгч, худалдан авагч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж эхлээд байна
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа "Энэ үзэсгэлэнгээр монгол улсын барилгын салбарт барилгын бараа материал үйлдвэрлэгч орчин цагийн олон улсын стандартад нийцсэн шинэ техник технологийг нэвтрүүлдэг, шинээр орон сууц барьж байгаа байгууллагууд хамт олон бүтээгдэхүүнээ танилцуулдаг ийм уламжлалт хүсэн хүлээдэг үзэсгэлэн болсон билээ. Энэхүү үзэсгэлэнг 13 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа барилга.мн хамт олонд халуун баяр хүргэе. Барилгын хөгжлийн төв нь барилгын салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, барилгын материалын хүртээмж, чанарыг дээшлүүлэх, шинэ хот суурингийн төлөвлөлтийг сайжруулах, барилгын чанар аюулгүй байдлыг анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна." гэлээ.
Барилга.мн-ий Ерөнхий захирал Г.Батсүх "Барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ дэвшилтэт техник технологи, шинэ материалуудыг олон түмэнд танилцуулах болно. Үзэсгэлэн, яармагийн үеэр төрийн байгууллагуудын зүгээс барилгын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг танилцуулна. Мөн иргэдэд зориулсан амины орон сууц барих дэд бүтцийн шийдэл, дулаалгын шийдэл зэрэг сургалт, семинар зохион байгуулна." гэв.
Мөн үзэсгэлэн онлайн хэлбэрээр давхар зохион байгуулагдаж байгаа тул үзэгч та бүхэн www.barilgaexpo.mn сайтаас нээлтийн үйл ажиллагаа болоод бусад зохион байгуулагдах арга хэмжээ, оролцогч компаниудын бүтээгдэхүүн, барилгын материал, орон сууцны мэдээллийг шууд LIVE-р хүлээн авч үзэх боломжтой.
Үзэсгэлэн яармаг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх тул та бүхнийг “БАРИЛГА- ОРОН СУУЦ 2020” үзэсгэлэнд хүрэлцэн ирж барилгын салбарын хөгжил дэвшилтэй танилцан, хямдрал, урамшуулалд хамрагдан худалдан авалт хийхийг урьж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|