“Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэнд барилгын салбарын шилдэг 120 гаруй ААН оролцоно
Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан БХБЯ,Барилгын хөгжлийн төв, Барилга.МН хамтран “Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.
Маргаашнаас эхлэн гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 120 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Үзэсгэлэнг BARILGA.mn сайтаар цахимаар үзэх боломжтой юм.
“Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриатай уг үзэсгэлэнд барилгын салбарын шилдэг 120 гаруй ААН оролцож захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах аж.
УЛААНБААТАРТ ОРОН СУУЦНЫ 440 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Ганбат хэлэхдээ" Улаанбаатар хотод нийт 440 орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 310 төсөл буюу 32,500 айлын орон сууцандаа захиалга авч борлуулж эхэллээ.
Мөн энэ жил Засгийн газраас ипотекийн зээл 60 тэр бум, Монгол банк, арилжааны банкнаас нийт 240 тэрбум төгрөгийг олгохоор болж, иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан "Барилга Орон сууц 2020" үзэсгэлэн зохион явуулахаар боллоо.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд Төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, дэвшилтэд техник технологи, Амины орон сууцны, эрчим хүчний хэмнэлт, Хувийн байшингийн халаалт, халуун ус, бохирын шийдэл зэрэг танилцуулах сургалт семинарууд болно." гэв