Эмээлтээр оруулахаар завдсан тарваганы тулмыг ЗӨСҮТ-д шилжүүллээ
Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд иргэн "Т"-гийн ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох 9 бодгаль тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10- ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: "Амьтны тухай хууль зөрчсөн бол 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг үндэслэн холбогдогч иргэн "Т"-д торгууль 300.000 төгрөг болон амьтдын Экологи-Эдийн-Засгийн үнэлгээгээр 2.592.000 төгрөг нийт 2.892.000 төгрөгийн торгууль ногдууллаа.
Иймд жолооч нар хүний дайвар ачааг тээвэрлэхдээ ачааг задлуулж үзэж хууль бус зүйл тээвэрлэж өөрсдөө хохирохгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна!!!