“Яараад яах вэ дээ” аяны үр дүнд ГЭМТ ХЭРГИЙН тоо БУУРЧЭЭ
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний “Яараад яах вэ дээ” нөлөөллийн аян эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Аяны хугацаанд орон нутгийн замд гардаг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 5 нэгжээр буюу 10.2 хувиар, гэмт хэрэг дөрвөн нэгжээр буюу 44.4 хувиар, осол хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо хоёр дахин буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Мөн аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг АО-501, АО-502 дугаарын улсын чанартай 450 километр авто замыг Чингис хотоос Жаргалтхаан сум, Жаргалтхаан сумаас Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр хүртэлх замуудад хоёр автомашинтай зургаан алба хаагчийг тухай бүр хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулсан. Мөн Цэнхэрмандал сум, Чингис хотын Хэрлэн голын гүүрэн дэх байнгын хяналтын постод дөрвөн алба хаагч, түр постод мөн дөрвөн алба хаагч цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөнт байдлаар нийт 5600 километр замд хяналт тавьж ажилласан байна.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх 13 ширхэг самбарыг дамжин өнгөрч байгаа улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу байрлуулах ажлыг зохион байгуулжээ. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Эрдэм трансс, Бид анд нар ХХК-ны том оврын 8 автобус, Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газрын зургаан автобусанд “Яараад яах вэ дээ” нөлөөллийн аяны зурагт хуудсыг нааж, төвийн болон орон нутгийн замд иргэдэд сурталчлан ажиллажээ.
“Яараад яах вэ дээ” аяны хүрээнд нэг сая 300 гаруй мянган хүнд хүрч үйлчилжээ
Аяны хүрээнд Цагдаагийн газраас “Өндөрхаан” телевизтэй хамтран аймгийн Авто тээврийн газар, Харгуй ТӨҮГ зэрэг байгууллагуудыг оролцуулсан нэг нэвтрүүлэг, “Хурд”, “Хамгаалах бүс”, “Хайртай бүхнийхээ төлөө” зэрэг шторк, зураг хуудас зэргийг шинээр хийлгэж иргэдэд сурталчлах ажлыг хийсэн нь үр дүнгээ өгөөд байна.
Мөн ЦЕГ-ын УСХ-ээс хийсэн “Бүх гэрэл солигддог харин таных”, “Та өөрөө ийм байдалтай явах уу”, “Бусдыг түрүүлсэн гэдэг алдар авто замд байдаггүй”, “Та халуун зунаар өвлийн гуталтай явдаггүй биз дээ”, “Бид өвөг дээдсийнхээ сайхан уламжлалыг мартаад байгаа юм биш биз дээ” зэрэг нийт 42 шторк, постерийг аймгийн иргэдийн хандалт өндөртэй 10-25 группэд түгээж, давхардсан тоогоор нийт нэг сая 300 гаруй мянган хүнд хүргэжээ. Замын хөдөлгөөнд оролцож явсан 14510 иргэнд “Яараад яах вэ дээ” аяны уриа бүхий наалт, утасны дугаар тогтоогч зэрэг санамж, сэрэмжлүүлгийг хүргэж ажилласан байна.
Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үйл ажиллагааны төлөвлөгөө /2020/”-ний хэрэгжилтийг хангах, орон нутгийн замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын нэгний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.