50 метрийн гүнд нурангид дарагдсан хоёр хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жонш олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагджээ.
Онцгой байдлын байгууллага дуудлагыг өчигдөр, 8 дугаар сарын 14-ний 13:00 цагт хүлээн авч, дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг хийж байна.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид осол болсон газарт мөн өдрийн 20.10 цагт очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.
Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нуржээ. Осолдогчид хоорондоо 5 метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн учир шороо дахин нурах эрсдэлтэй байна.
Өнөөдөр, 8 дугаар 15-нд ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус байгууллагын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.









