Ахмад прокурор Д.РАГЧААБАЗАР: Прокурорууд ЁС ЗҮЙГ хамгийн дээд цэгт БАРИМТЛАХ ёстой

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС САНААЧЛАН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ АХМАД ПРОКУРОР ДАГВАДОРЖИЙН РАГЧААБАЗАРТАЙ УУЛЗАЛТ  ХИЙЖ, ЯРИЛЦСАН БАЙНА. 

Танд прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны прокурорын байгууллагад ажилласан түүх хэзээ, хэрхэн эхэлж байсан талаар ярилцлагаа эхэлье.

Би 1970 оны 7 дугаар сарын 25-нд бага ангийн багшаар ажиллаж байгаад Ховд аймгийн хэсгийн прокурор болсон хүн. Тэр үед хэсгийн прокурор гэдэг бол прокурорын байгууллагын хамгийн доод шатны нэгж, өөрөө тэмдэг, тамгатай, бичиг хүлээн авах, явуулах эрхтэй байсан. Би зургаан жил хэсгийн прокурор хийсэн. Ховд аймгийн 8 сумыг хариуцан ажилладаг байсан. Дандаа хөдөө явж, нүүдэллэж, ажилладаг байлаа. Хоёр, гурван хүүхэдтэй болчихоод сүүлд 33 настай “хөгшин” оюутан Их сургуульд элсэж байлаа. Их сургуулийн хуулийн ангид таван жил зүтгэсэн дээ. Тэгээд сургуулиа төгсөөд Улсын прокурорын газарт шалган зааварлагч прокуророор гурван жил ажилласан. Дараа нь Говь-Алтай, Архангай аймгийн прокуророор томилогдож, аймгийн прокуророор 20 жил, прокурорын байгууллагад нийтдээ 29 жил ажилласан. 2004 оны 8 сард тэтгэвэртээ гараад нотариатаар 15 жил, хуулийн байгууллагад нийт 44 жил ажилласан байна.

Прокурорын ажлын онцлог юу вэ? Та ямар үүрэг, чиглэлтэй ажиллаж байв?

Прокурорын байгууллагад намайг анхлан ажиллаж байхад дөрвөн чиглэлийн хяналт тавьдаг байсан. Ерөнхий хяналт гэж мөрдөн байцаах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын чиглэл, шүүх хяналт гэж шүүн таслах ажиллагаанд яллагчаар оролцох чиглэл, энэ ч утгаараа иргэний болоод эрүүгийн хэрэгт байнга ордог. Мөн тусгай хяналт гэж ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг байсан юм. 1990 оны Үндсэн хуулиар өөрчлөгдөөд Ерөнхий хяналт гэдэг болсон. Одоо шинэ хуулиар Ерөнхий хяналт гэж байхгүй болсон. Захиргааны хэрэг бүртгэх ажиллагаа гэж шинээр орж Ерөнхий хяналтыг орлож байх шиг байна. Прокурорын байгууллагын онцлог бол хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө л байгуулагдсан байгууллага. Ялангуяа хэсгийн прокурор гэдэг чинь сумд ямар байгууллагууд байна, ямар эрхийн акт гаргаж байна, бүгдийг нь аваад хянадаг, хэргээ хянана, ялын дүгнэлт бичээд шүүхэд шилжүүлдэг, шүүх хуралд нь орж яллана, шүүх цагдаатайгаа нягт хамтран ажилладаг байсан. 1990 оноос хойш ажил үүргийн хуваарь нэлээд өөрчлөгдсөн байдалтай байна.

Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу байв?  

Миний гол баримталдаг зарчим бол хэргийг илрүүлэхийн төлөө шуурхай ажил зохион байгуулахад анхаардаг байсан. Архангайд ноцтой хэргүүд гарч байлаа. Хэд хэдэн хэрэг дээр цагдаатайгаа хамтраад хэрэг шалгах группүүдийг байгуулж ажиллаж байсан. Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг яаж өндөр түвшинд байлгах вэ, яаж бэхжүүлэх вэ гэдэгт л бүх ажлаа чиглүүлдэг байлаа.

 

Прокурор хүн харилцаа хандлагадаа юуг чухалчлах учиртай вэ?

Прокурорууд бол ёс зүйг хамгийн дээд цэгт баримтлах ёстой юм. Залуу прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч томилогдож ирэхэд би ганцхан л юм захидаг. Эхнээсээ хэнтэй танилцах, ямар хүнтэй нөхөрлөх вэ гэдгээсээ л бүх ажил эхэлнэ. Жаахан нэр хүнд муутай, сахилгагүй хүнтэй нөхөрлөвөл дагаад өөрийн чинь нэр хүнд унана, жинхэнэ ёс зүйн дагуу, шударгаар ажлаа хийж чадахгүйд хүрнэ гэдгийг захидаг байсан. Би хамт олон, ард иргэд гээд ямар ч хүнтэй аль болох аядуу зөөлөн харилцахыг хичээдэг, ёс журмыг баримтлахыг боддог. Ер нь аливаа хэрэг шалгах явцад хүмүүстэй хатуу ширүүн харьцсанаас болж алдаа гардаг. Тийм учраас аль болохоор шалгаж байгаа хүнийхээ зан байдлыг сайн судалж харьцах, аль талаас нь ажиллавал зүгээр вэ гэдгийг байнга боддог. Тэр чанараараа илрүүлсэн, шалгасан, хянасан, шийтгэсэн бүгдэд нь шударга зарчим баримталж асуудалд ханддаг байсан гэж боддог.

Нийгмийн өөрчлөлтөөс хамаараад прокурорын байгууллагад ачаалал нэмэгдсэн. Таны ажиллаж байсан үетэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?  

Намайг аймгийн прокуророор ажиллаж байх хугацаанд Говь-Алтай, Архангай аймагт олон хэрэг гардаггүй байсан. Жилдээ 200-аад хэргийг шалгаж, хяналт тавьж, шүүхэд шилжүүлдэг байсан. Нутгийн ард түмэн төлөв даруухан. Гэхдээ ноцтой хэргүүд үе үе гарна. Ялангуяа малын хулгайн бүлэг хэргүүд Архангайгаас Баянхонгор руу, Булган руу шилжүүлээд хөөдөг хэргүүд байсан. Хэрэг нэг бүрээр би өөрөө тусгай данс хөтөлдөг байсан. Түүнийхээ дагуу долоо хоног бүр прокуроруудтайгаа хэргийн тооцоо хийдэг. Энэ маань ажилд их нөлөө үзүүлж, хэргийг илрүүлэхэд тус нэмэр болдог байсан. Одоо бол юм өөр болсон, захиргааны хэрэг бүртгэлт гэдэг бол юун бидний үеийн шалгаж байсан тооноос хамаагүй илүү, прокуроруудын ачаалал их байна. Сүүлийн үед ганц нэг орон тоо нэмж л байна. Тэглээ гээд ачааллаа дийлэхгүй хүнд байдалтай л харагддаг.

Өнөөдрийн манай хууль эрх зүйн орчны дэвшилттэй тал нь юу байна?

Би гурван аймаг дамжин ажилласан. Энэ хугацаанд хуулиуд маш их шинэчлэгдсэн. Миний гол ажил бол шинээр батлагдсан хуулиудыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ, ямар арга барил хэрэглэх вэ гэдгээс эхлээд бүгдийг тооцож хийдэг байсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Захиргааны хууль, Прокурорын хууль, Шүүхийн хууль гээд бүгд шинэчлэгдсэн. Хуулиуд бүгд өөрчлөгдсөн, ачаалал ч их нэмэгдсэн байна. Үндсэндээ сайн шинэчилсэн гэж боддог юм. Нэг их амьдралаас зөрөөд байгаа юм ажиглагддаггүй байсан.

Залуу прокуроруудад захиж хэлэх таны үг?

Залуу прокурорууддаа зөвлөхөд ажлынхаа гарааг их зөв эхлэх ёстой. Нөхөрлөх хүнээсээ л ажлаа эхлэх ёстой, хамгийн гол нь эхнээсээ шударга шулуун, яг өөрийнхөө үзэл бодлоор асуудалд хандаж, хэргийг шалгаж шийдвэрлүүлж байхыг л захимаар байна. Ер нь хуулийн байгууллагын ажил эхнээсээ нэг төлөвших юм бол тэр чигээрээ л явдаг гэж боддог. Архангайн хуулийн байгууллагууд л гэхэд их төлөвшсөн. Ер нь ажилдаа шударга шулуун, шуурхай ханддаг гэж ойлгож явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа. Энэ ташрамд Прокурорын байгууллагын хамт олондоо 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619192
0 эможи

Зочин
2020-08-14 15:18
Зочин
2020-08-14 10:39
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up