“ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гар утасны аппликэйшн, анимэйшн бүтээл хийж цахим хуудаст байршуулан хүргэсэн байна.
Энэхүү апплекэйшныг Android болон ios систем дээр үнэ төлбөргүй татаж авч ашиглах боломжтой төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг авах бүрэн боломжтой юм. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс хүүхдүүдэд зориулсан сонирхолтой гурван төрлийн анимейшн бүтээл гаргаж олон нийтэд түгээснээс 550,000 гаруй хүнд хүрч, гар утасны аппликейшныг 5000 удаагийн давтамжтайгаар татан авчээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ жилийн “Охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Охидын эрхийн өдөрлөг” зохион байгуулах, хөтөлбөрийг казах хэлээр орчуулан, тус аймгаас сургагч багш бэлтгэх, хүүхэд өсвөр үеийнхэнд сургалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.