Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорилоо
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг уржигдар цагдан хорьжээ. Шүүхийн захирамжид дурдсанаар түүнд авсан таслан сэргийлэх, цагдан хорих хугацаа нэг сар үргэлжлэх юм байна. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан удаатай. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр АНУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн юм. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татжээ. АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь зээлсэн мөнгөнийхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж. “Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэхдээ зээл авсныхаа дараа төрсөн ахынхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн гэнэ. Үүний дараа ураг төрлийн холбоотой Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хувьцаагаа бусдад шилжүүлсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх аж. Тиймээс УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн холбогдох байгууллагад хандаж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргасан юм байна.
Мягмаржаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин