“Хөшигийн хөндийн хот байгуулалтын төслүүдийг уялдаатай төлөвлөх нь“ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад буй. Иймд нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотын байгуулах хот байгуулалтын төслүүдийг уялдаатай төлөвлөх нь сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Шинэ Зуунмод нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна.
Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох Шинэ Зуунмод хот нь нийт 21993га газарт төлөвлөгджээ. 34000 хүн амтай, 12 цэцэрлэг, долоон сургуультай байхаар төлөвлөсөн байна. Түүнчлэн агаарын зам, төмөр зам, автотээвэр гэсэн тээврийн ложистикийн нэгдсэн зангилаа төв болох юм байна.
Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг Олон улсын нисэх онгоцны буудлын стандартад нийцэхээр төлөвлөсөн гэдгийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Хот байгуулалт, хөгжлийн газар”-ы ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун танилцууллаа.
Түүнчлэн Шинэ Зуунмод хотын гидрогеологийн судалгаагаар усны хайгуулыг дахин хийх, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэх шаардлагатайг дурьдлаа.
Хөшигийн хөндийн хот байгуулалттай уялдуулан Төв аймгийн Зуунмод хот орчмын хот төлөвлөлт өнөөгийн байдлын талаар Төв аймгийн ГХБХБГ, аймгийн ерөнхий архитектор н.Алтансүх танилцуулга хийлээ. Зуунмод хотын хувьд ерөнхий төлөвлөгөө 2500га талбайд хийгдэхээр төлөвлөгдсөн. Баруун урд хэсэгтээ Сөүлийн их сургууль баригдаж, 1000 айлын орон сууц барихаар төлөвлөөд байна. Цаашдаа нэмэж 2000 айлын орон сууц баригдахаар батлагдсан гэнэ.
“Манзушир Өргөө” 1000 айлын орон сууцны 846 эхний ээлжинд ашиглалтад оруулж, түүнд 100 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль баригдахаар төлөвлөгдсөн байна. 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусах шатандаа орж байгаа аж.
Ухаалаг ногоон хотын зарчимд тулгуурлан 2015-2020 он хүртэл, 2020-2030 хүртэл хөгжүүлэхээр хийгджээ.
Улаанбаатар хотын хэт төвлөрлөөс үүдэлтэйгээр 2012 оноос эхэлж зургаан жилийн хугацаанд төлөвлөлтийг нь боловсруулсан Майдар хотын ерөнхий төлөвлөгөөг төслийн удирдагч Л.Баяртуул танилцууллаа.
Майдар хотын орох, гарах гарцыг долоо байхаар төлөвлөсөн. Энэ нь гэнэтийн аюул осол, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдоход оршин суугчид хотоос гарах боломжийг нээж өгсөн байна. Тогтвортой хөгжлийн бодлогоор, эко, ухаалаг хот хэмээн тодотгож байгаа Майдар хотод явган хүний зам 33%, нийтийн тээвэр 33% автозам 33% байхаар төлөвлөөд байгаа юм. Хотын хүн амын өсөлт, нягтаршилттай холбоотойгоор дөрвөн үе шаттайгаар тэлэх боломжтой гэнэ.
“Майдар” хотын төлөвлөлтөнд олон улсад хүлээн зөвшөөрдсөн нэр хүндтэй RSAA компани архитектур төлөвлөлтийг боловсруулж, Trans solar компани зам тээврийг гэх мэтчилэн олон улсын компаниудыг оролцуулсан байна. Тиймдээ ч Майдар хот тогтвортой хөгжлийн бодлогоороо, эдийн засгийн өндөр өгөөж, байгальд ээлтэй эко гэсэн үзүүлэлтүүдээрээ олон улсад өндрөөр үнэлэгджээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт, Шинэ Зуунмод хот болон Майдар хотын төслийн зохион байгуулалт, менежмент, менежментийн асуудлууд, Хүн, амын нутагшилт, суурьшлын, ерөнхий төслийн талаар үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Дэд захирал Б.Энхболд, БХБЯ-ны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар, ХАНСХЕТ-ийн туслан гүйцэтгэгчид, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Хот байгуулалт хөгжлийн газар”, Хот байгуулалт судалгааны институт, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ГЗБГЗЗГ-ын хот байгуулалтын хэлтэс зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Ерөнхий зохион байгуулалтыг БХТ-ийн Хүн амын нутагшилт бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс хийлээ.