“АРХИГҮЙ ОРЧИН“ хөтөлбөрийн хүрээнд ГЭМТ ХЭРГИЙН гаралт буурсан үзүүлэлттэй байна
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Архигүй орчин” хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэгт буюу хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал уг хөтөлбөр нь архи согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, гэр бүлийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Архигүй орчин нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Архигүй орчин бүтээцгээе“ олон нийтийн хэлэлцүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу /2020.08.08-2020.08.09/ ний өдрүүд хийж дүүргийн иргэдтэйгээ уулзаж санал бодлоо солилцсон юм. Цаашдаа ч уг хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаа онцолсон билээ.
Хан-Уул дүүрэг нь нийгэм, гэр бүл, хамт олны дунд архины хэрэглээг бууруулж, зөв зохистой, соёлтой хэрэглээг бий болгох замаар эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх нь тус дүүргийн зорилт болоод буй аж. Уг аяныг хэрэгжүүлснээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт урьд оны мөн үетэй харьцуулахад 290 нэгжээр буюу 13,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.