Э.Пүрэв-Очир: Хөдөлгөөний ачаалал их байгаа учраас нэг хүний урд гарах гэж яарах хэрэггүй

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очиртой ярилцлаа.


-Энэ зун нийслэлийн замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Баяр, наадам ид давхацсан зуны улиралд гадагш чиглэсэн хөдөлгөөнийг аль болох дэмжсэн. Нийслэлээс 315 мянган тээврийн хэрэгсэл өнгөрсөн сарын эхээс тус сарын 28-ны өдрийг хүртэл гарсан. Энэ хэрээр хүмүүс аялж зугаалахаар явсан гэсэн үг. Үүнтэй холбогдуулан орон нутагт зам тээврийн осол нэмэгдэж байна. Мөн үргэлжлэн орсон борооны улмаас нэлээд авто зам эвдэрч, орон нутгийн замыг түр хугацаагаар хааж засварын ажлууд явагдсан. Харин хичээл эхлэхээр энэ урсгал эргээд төв суурин газар руугаа чиглэж байгаа юм.

-Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан замын түгжрэл огцом нэмэгддэг. Тэгвэл түгжрэлийг сааруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас ямар аргачлал боловсруулж байна вэ?

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс ихэснэ. Ингэхээр нөгөө орон нутаг руу гарсан хөдөлгөөн ч давхар төв суурин газартаа чиглэнэ гэсэн үг. Тиймээс энэ хөдөлгөөнийг мөн оны өмнөх үетэй харьцуулахад бараг 30-40 дахин их тээврийн хэрэгсэл нэмэгдэж хот руу чиглэнэ.

-Хичээл эхлэх дөхөхөд зах худалдааны төвүүдийн замын ачаалал ихэсдэг. Үүнийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?

-Хичээлийн хэрэгсэл болон бусад эд зүйлсээ бэлдэхээр ирж буй иргэд маань зөвхөн "Нарантуул", "Хархорин" зах дээр ачаалал үүсгэлгүй бусад худалдааны төвүүдээр явж, ачаалал саадгүй, өөрсдөдөө төвөг удахааргүй авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөе. Мөн хороолол дунд байх авто замуудын хөдөлгөөнийг илүү сонгож оролцвол түгжрэлийг сааруулна. Хөдөлгөөний ачаалал хаа сайгүй их байгаа учраас нэг хүний урд гарах гэж яарах хэрэггүй.

-Түгжрэл саатал бий болохоор жолоочид урсгал сөрж эхэлдэг. Үүнийг яаж зохицуулж байна?

-Урсгал сөрсний улмаас Долоон буудлаас нааш чиглэсэн хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалалтай байгаа. Иймээс тухайн нөхцөлд аль болох эсрэг талын эгнээг нь нэмж, цагдаагийн алба хаагчид биет болон камерын хяналтыг тогтмол тавиад арга хэмжээг газар дээр нь авч ажиллаж байгаа.

-Тэгвэл авто замын ачааллыг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн дулааны шугам, бохирын хоолойг солих ажлууд нэлээд явагдсан. Тиймээс нэн түрүүнд авто замуудыг сайжруулах хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө энэхүү ажлыг яаравчлан дуусгахаар зохион байгуулж байгаа. Дулааны шугам, хоолой солих болон зам засварын ажлууд нийт арав гаруй цэгт үргэлжилж байна.Тухайлбал, замын ачаалал хойд хэсэгт буюу Долоон буудлаас урагш Баянбүрдийн тойрог, их бага тойруу руу чиглэсэн хөдөлгөөн өглөө 06:00-10:00 цагийн хооронд, оройдоо 17:00-22:00 цаг хүртэлх хугацаанд түгжирч байгаа.

-Түгжрэл саатлыг бууруулахын тулд замын хөдөлгөөнд хэрхэн анхаарч байна?

-Өглөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн их байвал замын эгнээг нэмнэ. Мөн хөрвөх хөдөлгөөн оруулж, гурван эгнээгээр урагш явуулах боломжоор хангах юм. Ингэхдээ цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын үүднээс тэнд ажиллана. Харин хойноос урагшаа чиглэсэн бол урдаас ирэх хөдөлгөөн бага учраас урд талын нэг гэрлээ өнжүүлээд хойд талдаа гэрлээ өгөх боломжтой. Ингэх нь хойноос урагш чиглэсэн хөдөлгөөнийг дэмжих юм. Одоо замын хөдөлгөөний зохион байгуулалт хойноос урагш, урдаас хойш чиглэсэн учраас энэ байдлыг өөрчилж, ихэсгэн зохион байгуулж ажиллаж байна.

-Зам тээврийн ослоос үүдэн түгжрэл үүсдэг талтай. Тэгвэл энэ байдлыг хэрхэн шийдэх вэ?

-Урин дулаан энэ цагт нийслэлээс гарах хөдөлгөөн түлхүү үүссэн. Өдөртөө 150 орчим зам тээврийн осол нийслэлд бүртгэгдэж байна. Тодруулбал, нийт 250 дуудлага мэдээллээс 150 нь яг зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл. Заавал цагдаагийн албан хаагч гэлтгүй даатгалын компани, авто баазтай хамтраад хохирлоо бүрэн барагдуулж, хүлээн авах боломжтой. Тэгвэл одоо цахимаар хамрагдахад болно. Энэ нь нэг төрлийн түгжрэл саатлыг бий болгохгүй, хүнд суртал үүсгэхээргүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ихэнх хүмүүс даатгалыг зүгээр л нэр төдий ашиглаад байна. Чухамдаа даатгал таны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаад нөхөн төлбөрийг гаргаж өгөх үүрэгтэй. Мэдээж зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад хандахгүйгээр даатгалын байгууллагадаа хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой.

-Та сая даатгал цахимжсан гэв үү?

-Орчин үед цахим технологи хөгжсөнтэй холбогдуулаад "ажд" аппликэйшн утсандаа суулгаад энэхүү албан журмын даатгалд хамрагдаж болно. Ямарваа нэгэн зам тээврийн осолд холбогдсон бол даатгалын нэгдсэн холбоо буюу 1800-1177 гэсэн утсанд холбогдох боломжтой. Эрх зүйн хүрээнд тухайн жолоочийн буруутай үйлдэл нь тодорхой бол 100 нэгжээр торгож, таван оноо хасдаг. Зөрчил үйлдсэн нь тодорхой учраас хуулийн дагуу хариуцлага оноох ёстой шүү дээ.

-Одоо "Үнэлгээний комисс"-ын шийдвэрээр автомашины хохирлоо барагдуулдаг болсон. Энэ нь хэн нэгний аманд багтсан мөнгийг өгөхгүй зөв үнэлүүлэх боломж гэж харагддаг?

-Энэ нь иргэд хоорондын зөвшилцөл юм. Хэрэв энэ байдлыг аль болох гаргахгүй гэж үзвэл замын цагдаагийн хэлтэс, албан журмын даатгалын холбооноос мэдээлэл авч ойрын үнэлгээний газарт тогтоолгож болно. Ингэснээр тухайн үнэлгээний комисс тээврийн хэрэгслийн он сар, марк төрлөөс хамаараад зах зээлийн дундаж үнээр үнэлдэг. Иргэдийн зүгээс шинэ сэлбэг материал авна гэсэн ойлголт бий. Гэтэл тээврийн осолд холбогдсон бол засварынх нь дундаж үнээр тооцож өгдөг гэсэн үг. Тухайн үнэлгээний байгууллагын гаргаж өгсөн үнэлгээ цагдаа, даатгалын байгууллагатай харьяа биш гуравдагч оролцоотой учраас хоёр талд хүчинтэй үнэлэгдэж явна.

-Гудамж талбайн орц, гарц, гражны хаалга таглаж машинаа тавьдаг тохиолдол бий. Энэ үед хаана, яаж хандах ёстой юм бол?

-Энэ тохиолдолд харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хандаж болно. Мөн цагдаагийн утас буюу 102 дугаарт холбогдож дуудлага мэдээлэл өгөөд цааш дамжигдан Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын 93020124 дугаартай холбогдоод гомдол мэдээлэл гаргаснаар асуудал шийдэгдэнэ. Эсвэл 1900-1234 утсаар холбогдоод тухайн машины эзний мэдээллийг аваад холбогдож болох юм.

-Нэг хэсэг хотын төв рүү өнгө үзэмж муутай, техникийн шаардлага хангаагүй машин нэвтрүүлэхгүй гэж яригдсан. Одоо энэ үйлчилдэг үү?

-Хотыг тойрсон байнгын хяналтын зургаан цэгтэй. Эдгээр хяналтын цэг дээр тогтмол үзлэг хяналт шалгалт хийдэг. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, оношилгоонд оруулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг явуулын авто оношилгоогоор газар дээр нь шалгаад арга хэмжээг авдаг.

П.САЙНЖАРГАЛ
Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619062
0 эможи

Зочин
2020-08-11 11:56
keyboard_arrow_up