Амралтын өдрүүдэд 70 гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 300 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 197 нь зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт суманд мотоцикл онхолдож 35 настай эрэгтэй Ж нас барсан. Булган аймгийн Баян-Агт суманд шороон замд Toyota Hilux машин онхолдож 63 настай эмэгтэй ослын улмаас нас барлаа. Мөн өдрийн 19 цагийн орчимд
Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна.
Ослын улмаас нас барсан хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд. Иймд жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна. Хагас жилийн статистик тоон мэдээллээс үзвэл хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 18.5 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарсан. Мөн орон нутгийн замд гарсан ноцтой осол хэргийн 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарч байгааг замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна” гэлээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд хурд хэтрүүлснээс болж 989 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 76.6 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж жолооч нарыг хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлсээр байна.
ВИДЕО: