“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх ДОЛООН ЖИЛ шүүж байна
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг Монголын шүүх долоон жил шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болж байгаа. Манай хууль хяналтынхан дөрвөн жилийн дараа буюу 2013 оноос эхлэн шалгасан. Эцэст нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр 10:00 цагт шүүх хурлыг товлосон ч “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүсэлтээр хойшлууллаа. Шүүгдэгч Г.Алтан хүү Э.Сүрэнгийн хамт өмгөөлөгч нэмж авах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгчөөс шинээр гэрчүүд оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулжээ.
Шүүхээс Ш.Батхүүг залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Эдгээр үйлдэлд нь прокуророос дараах байдлаар яллахаар дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлжээ. Үүнд:
1. Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,
2. О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” компаниас Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,
3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” -ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,
4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,
5. Ш.Батхүүгийн зүгээс “Мах Маркет”, “Жаст Ойл”, “Олон овоот”-ийн хувьцаа болон “Жаст групп”-ын өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,
6. Стандарт банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,
7. Баримт бичиг хуурамчаар үйлдэн Эрдэнэт үйлдвэрт ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар тус тус буруутгагдаж байна.
Хэргийн эргэн тойронд болсон үйл явдлыг нэхэн сануулъя.
2009.7.8
-“Жаст" группын захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банктай зээлийн гэрээ байгуулан 109 сая ам.долларын зээл авчээ. Тухайн үед “Эрдэнэт”-ийн захирлаар Ч.Ганзориг ажиллаж байв.
2010-2012
-Ш.Батхүү Стандарт банктай нэмэлт гэрээ байгуулжээ. Ингэснээр нийт зээлийн хэмжээ 160.1 ам.доллар болжээ.
2013. 7 сар
-Зээлээ хугацаандаа төлөөгүй учир Стандарт банк Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд хандаж “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжлэв.
2013.7.24
- Ш.Батхүү хэвлэлийн хурал хийж 2009 онд “Хадгаламж” банкийг их хэмжээний өртэй дампуурлын ирмэгт байхад нь, өрөнд баригдаж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн “Монгол шуудан” банк, гадаад дотоодын банкуудад ихээхэн хэмжээний өртэй “Олон овоот”-ын ордыг худалдан авч хөрөнгө оруулж ирсэндээ харамсал илэрхийлэв.
2013.8.6
- Ш.Батхүү сэтгүүлч Б.Ганчимэгийн “Ярилцъя” буланд ярилцлага өгч “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-ыг Г.Алтанд, “Жаст агро”-г татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэн бизнесмен биш энгийн иргэн болсноо, хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй байгаагаа мэдэгдэв.
2013.8.10
“Стандарт банкны хэрэг” –ийн баримтууд илэрч Ш.Батхүү “Олон овоотын төслийг худалдаж авснаас болж “Хадгаламж” банкиа алдахад хүрсэн. Ц.Мянганбаяраас Олон овоотын төслийг худалдан авахдаа хулхидуулсан. “Монгол газар” компани” 25 тонн алттны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь болж бүх бизнесээ алдсан. Олон овоотын алтны нөөц ердөө дөрвөн тонн байсан” гэж ярьж байсан нь хэвлэлээр цацагдав. Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг нь албан ёсоор хориглов.
2013.8.15
- УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэв.
2013.8.20
-Ш.Батхүүг баривчилж цагдан хорилоо.
2015-2016 он
-Ш.Батхүүгийн зээл хугацаандаа төлөөгүй асуудлаар Олон улсын арбитрын шүүх дөрвөн удаа хуралдав.
2017 он
Стандарт банк Английн дээд шүүхэд төлбөрийг даруй гаргаж өгөх тухай гомдол гаргажээ. Английн дээд шүүх
• “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх
• Тэдгээр эд хөрөнгийн захиран зарцуулах, худалдан борлуулах
• Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байршуулах шийдвэр гаргажээ.
2018.3.13
-Батлан даалтад гараад байсан Ш.Батхүүг дахин баривчилж цагдан хорилоо.
2018.4.9
-Ш.Батхүүгийн цагдан хоригдохоосоо өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон яриа олон нийтэд цацагдав. Тэрээр цуг нэвтрүүлэгт орохдоо “Хөрөнгө оруулалт татахын тулд Стандарт банкнаас 109 сая ам.доллар зээлсэн. Тус банкнаас мөнгө зээлэхийн тулд эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 20 сая ам.доллар авсан. Гэрээ байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг авсан гэдгээ хүлээжээ.
2018.8 сар
Монголын Засгийн газар Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны 8-р сард Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргав. Ажлын хэсэг Английн дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол эрсдэлтэй гэж үзжээ.
2019 он
-Монголын Засгийн газар Америкийн компаниар дамжуулан хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрч төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлснээр “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны хоорондох маргаан дуусчээ.
2019.4.5
Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийж энэ хэрэгт буруутай этгээдүүдийн хэргийг хууль хяналтынхан яаралтай шийдэж, хохирлыг төлүүлэх ёстой гэж мэдэгдэв. Х.Бадамсүрэн үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас төлбөр шилжүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоогүй гэв.
2019.7.3
ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газар Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлттэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.
2019.10.7
-Ш.Батхүүд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэв. 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргаад байсан Ш.Батхүү уг гомдлоосоо татгалзсан тул хэргийг мөрдөн нэмэлт мөрдөн байцаалтанд хэлэлцүүлэхээр болов.
2020.7.24
-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020.8.5-ны 10:00 цагт хийхээр товлов.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин