СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 15 хүүхэд гэрийнхээ ойролцоо тоглож байгаад машинд мөргүүлэн нас баржээ
Сүүлийн гурван жилийн байдлаар л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан. Тухайлбал, 2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Он гарснаас хойш эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээлэл байна. Урин дулааны улиралд хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч байна. Үүний улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь их байгааг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Он гарсаар зам тээврийн осол хэргийн улмаас 36 хүүхэд нас барсан. Үүний 15 нь эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж нийтийн эзэмшлийн зам талбай, гэрийнхээ гадаа машинд мөргүүлэн амь нас нь энджээ.
Эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрд дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна
-Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
-Хорооллын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
-Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
-Гараш,зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
-Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
-Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх,
-Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх ёстой.
ЦЕГ, ТЦА-аас зам тээврийн осол хэргийг бууруулах зорилгоор долоо, наймдугаар сард улсын хэмжээнд “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж байна. Уг аян нь хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм. Энэ жилийн хувьд зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Зарим эцэг эх, асран хамгаалагч автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй хамгаалалтын зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, үл хайхардагтай холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их байна.
Тиймээс хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх хэрэгтэйг замын цагдаагийн алба хаагчид онцгойлон анхаарууллаа. Нийслэлд хүүхдүүд авто замын осолд өртдөг үндсэн шалтгаанууд нь гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон авто замтай ойролцоо тоглодгоос үүдэн гардаг. Мөн сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй зэрэг нь хүүхдүүдийг амь нас, эрүүл мэндээрээ хохироход хүргэдэг байна. Товчхондоо, гарцгүй газраар эсвэл улаан гэрлээр хүүхдээ хөтлөн гарч, буруу үлгэр дууриал үзүүлдэг эцэг эхчүүд, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй жолооч нар хүүхдүүдийн осолд өртөх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс эцэг эхчүүдийг замын хөдөлгөөнд оролцох дадлыг хүүхэддээ багаас нь хэвшүүлэх, харин жолооч нарыг анхаарал сэрэмжтэй байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
ВИДЕО: