Орон нутгийн замд гарсан НОЦТОЙ ОСЛЫН 50-60 хувь нь ХУРД ХЭТРҮҮЛСНЭЭС болдог
Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд өгч байгаа гол сэрэмжлүүлгийн нэг бол “ХУРДАА ХАС” гэх зөвлөгөө. Учир нь хурд хэтрүүлсэн нэг зөрчлөөс болж олон хүн нэг дор зам тээврийн ослын улмаас гэмтэх, цаашлаад амь насаа алдаж байна.
Тиймээс ч цагдаагийн байгууллагаас хоёр дахь жилдээ “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг өрнүүлж, орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигч байрлуулан эргүүл шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч нь хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох ёстойг замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна. Харин зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурд 60 км байх ёстой бол орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй байх дүрэмтэй. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
41 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх
41.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
Хагас жилийн статистик тоон мэдээллээс үзвэл хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 18.5 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарчээ.
Мөн орон нутгийн замд гарсан ноцтой осол хэргийн 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарч байгааг замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хурд хэтрүүлснээс болж 989 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 76.6 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж жолооч нарыг хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлсээр байна. Энэ жилийн аяны хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер байршуулан жолооч нарын хурдыг тогтмол хянаж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж байгаа юм.
Замын цагдаагийн алба хаагчид “Хурд хэтрүүлэх зөрчлийн эцсийн цэг нь амиа алдах” гэдгийг сэрэмжлүүлсээр байна.