Д.Батжаргал:Эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 567 гэмт хэрэг бүртгэгдсэн

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Улсын хэмжээнд 2020 оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийлэлд 273 иргэн өртөж хохирсон байна. Тухайлбал, есөн настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Бие мах бодийн, эдийн засгийн, оюун санааны болон бэлгийн хүчирхийлэл зэрэг олон хэлбэрээр нийгэмд оршиж байгаа энэ төрлийн хэргийн судалгаа мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргалаас тодрууллаа.

- Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ямар байна. Цагдаагийн байгууллагаас өрнүүлсэн аяны үр дүн ямар гарсан бэ?

-Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хайр өвтгөдөггүй”,  “Архигүй орчин” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг өрнүүлсэн. Үүний үр дүнд  2020 оны эхний 3 сард 8003 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын судалгаа мэдээлэл ямар үзүүлэлттэй гарсан бэ?

- Гэр Бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг юм. Судалгааны дүнгээр Монгол Улсад  гурван эмэгтэй тутмын нэг амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр, хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна. Цагдаагийн ерөнхий газарт гэмт хэрэг болон зөрчлийн гэсэн 2 төрлийн бүртгэлээс гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээлэл гардаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний улиралд өдөрт дунджаар 4 удаа байсан бол 2020 оны эхний улиралд 3 болж буурсан. Хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 гэмт хэргийн  25 нь хүнд ангилалтай байсан. Гэр бүлийн хүчирхийллийн 10 хэрэг тутмын  5 нь мягмар, пүрэв, ням гарагт гарч байна. Харин 6 нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд үйлдэгдэж байгаа урьдчилсан судалгаа гараад байна.

Гэр Бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг юм. Монгол Улсад  гурван эмэгтэй тутмын нэг амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй. Хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 гэмт хэргийн  25 нь хүнд ангилалтай байсан.

-Хохирогчдын дийлэнх нь хэдэн настай байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон 10 эмэгтэй тутмын зургаа нь 25-39 насныхан байгаа бол 10 эрэгтэй тутмын 5 нь хүүхэд. Гэмт хэргийн улмаас 185.9 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан үзүүлэлттэй байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгт нийт хэдэн хүнийг шалгаж байна. Тухайн иргэн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол бий юу?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 2020 оны эхний 3 сард 259 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсан. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар өссөн байна. Эдгээр шалгагдсан иргэдийн 61.8 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн иргэдийн 48.4 хувь ажилгүй иргэд байсан. Хууль хяналтын байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэний хэргийг нотлох баримтаар баталгаажуулан хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна. Зарим тохиолдолд хохирогч гомдолгүй гэж өргөдлөө буцаах нь бий. Ийм асуудал гарсан ч хэргийг буцаалгүй шалгаж хүчирхийлэл үйлдсэн хүн рүү чиглэсэн  хуулийн болон соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байна.

-Нэг удаа хүчирхийлэл үйлдсэн хүн дахин хүчирхийлэл үйлдэх нь их үү. Энэ асуудалд ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна вэ?

эр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог өвөрмөц шинж бүхий үйл явц юм. Нөгөөтээгүүр нийтийг хамарсан цар тахал дэгдсэн энэ цаг үед олон нийтийн дунд бухимдал стрессийн түвшин нэмэгдсэний улмаас гэр бүлийн хүчирхийлэл өсөх зүй тогтол манай улсад ч мөн илэрч байна. Зөрчил гаргасан тохиолдлыг дахин давтагдуулахгүй байх талаас нь үе шаттай, уялдаатай, олон талын оролцоог хангах, богино хугацаанд үр ашигтай байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Утас болон онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг эрчимжүүлэх.  Олон нийтийн мэдээллийн эх үүсвэр ашиглан өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааг дэмжих, стресс бууруулах арга замуудыг сурталчлах, эерэг хандлага нэмэгдүүлэх ажлыг өрнүүлж байна. Мөн  ахуйн хүрээний архидалтыг бууруулахад согтууруулах ундаа борлуулах цэг, цагийн хуваарьт хязгаарлалт хийсэн. Өрх, гэр бүлийн эдийн засгийн дарамтыг багасгах арга хэмжээг эрчимжүүлэх. Эдгээр арга хэмжээг авахад төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын идэвхтэй үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон дурдаж байна. Энэ бүх олон асуудлыг шийдэж чадвал гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үр дүнтэй буурах боломж бүрдэх юм.

Гэр бүлийн хүчирхийллийн 10 хэрэг тутмын  6 нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд үйлдэгдэж байна.

   Олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өссөн байна

Arslan.mn

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагын мэдээлснээр дэлхий дээр өмнөх 12 сарын хугацаанд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг, тухайлбал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдэгээс 10 хүрэхгүй хувь нь цагдаад ханддаг байна. Түүнчлэн 4 улсын 1 нь эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс тусгайлан хамгаалах хуультайгаас харахад ихэнх улс оронд хууль эмэгтэйчүүдийн талд байдаггүйг харуулж байна. Дэлхий даяар тархаад буй COVID 19 шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгджээ. Учир нь хүчирхийлэл үйлдэгчтэй хүүхэд, эмэгтэйчүүдийг тусгаарлах байдлыг нэмэгдүүлж, тэдэнд тусалж чадах хүмүүс, боломжоос нь мөн холдуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас тусламжийн утасны үйлчилгээ, хоргодох байраар хангах хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар Аргентин, Канад, Франц, Герман, Испани, Нэгдсэн Вант Улс, АНУ-ын засгийн газрын эрх баригчид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагууд тайландаа тэмдэглэсэн байна. Хөл хорио, тусгаарлалт нь аюулгүй байдал, эрүүл мэнд, мөнгөний түгшүүрээс үүдэлтэй хурцадмал байдлыг өдөөдөг. Тиймээс энэ арга нь хаалттай хаалгааны цаадах хүчирхийлэгчдийг хянах боломжийг сулруулж байна. Үүнээс гадна COVID халдварын тархалтын улмаас эрүүл мэндийн байгууллагын яаралтай бэлэн байдлыг хангахад түр хоргодуулах байрыг нэмэлтээр ашиглах нь энэ чиглэлийн үйлчилгээ авах боломж, хүртээмжийг бууруулж байна гэж судлаачид дүгнэсэн байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618677
0 эможи

Зочин
2020-07-25 16:45
Зочин
2020-07-24 12:28
keyboard_arrow_up