Цагдаагийн байгууллагын 99 жилийн түүхт ойг тохиолдуулан алба хаагчид шагнагдлаа
“Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж байгаа нийт алба хаагч, ажилтнууд, та бүхний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Нийт бие бүрэлдэхүүн улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрүү, хэв журмын нөхцөл байдал, нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдан үйл ажиллагааныхаа шинэчлэлийг эрчимтэй явуулж, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж, бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, идэвх санаачлага гарган ажиллаж, ололт амжилтаа бататгасан бахархам амжилтаар дүүрэн жил болж байна. Цагдаагийн байгууллагын 99 жилийн түүхт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 1 алба хаагчийг “цагдаагийн дэслэгч” цол, 15 алба хаагчийг газрын даргын баярын бичгээр шагнаж урамшууллаа. Нийт шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнө мөнхөд мандан бадрах болтугай.