ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын дагуу жил бүрийн 07 дугаар сарын 19-ны өдрийг “Цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчдыг шагнаж, урамшуулах арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, Дотоодын цэргийн “Албаны төлөө тэмдэг”-ээр 4, Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр 6, ангийн захирагчийн “Баярын бичиг”-ээр 16, үндсэн цалинг 10-15 хувиар нэмж урамшуулах 45, хамтран ажилладаг бусад байгууллагын шагналаар 45 алба хаагч шагнагдсаныг бие бүрэлдэхүүнд танилцуулж, гардуулав.
Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Улс орныхоо түүхэн хөгжил, Үндэсний аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Эрхэм хүндэт офицер, ахлагч, ажилтан алба хаагч та бүхэнд “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Манай улсад ардын хувьсгал ялсаны дараа улс орны ээдрээтэй цагийн байдлыг харгалзан Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 цэрэг, дайчдыг сонгон авч, “Тусгай тасаг”-ийг анх байгуулсан нь Монгол Улсын Төрийн цэргийн байгууллын бүрэлдэхүүнд багтдаг “Дотоодын цэрэг”-ийн үүсэл, үндэс суурь нь болсон билээ.
Улмаар Дотоод явдлын яамны сайдын 1945 оны 08 дугаар 29-ний өдрийн 321 тоот тушаалаар “Фронтоос олзлогдогчдыг харж хамгаалах Дотоодын цэргийн тусгай салаа” байгуулагдсан нь “Дотоодын цэргийн 805 дагаар анги”-ийн 75 жилийн түүхэн замнал эхэлсэн байна.
Тус ангийн бие бүрэлдэхүүн үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Төр, Засгаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж, Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, үйл ажиллагаандаа хууль ёсыг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай тасралтгүй байх зарчмыг баримтлан улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг нэр төртэйгээр амжилттай биелүүлж ирснийг баярын энэ өдөр онцолж, тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын дагуу жил бүрийн 07 дугаар сарын 19-ны өдрийг “Цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Мөн төр засгаас манай ангийн түүхэн замнал, хэрэгжүүлж буй чиг үүргийг өндрөөр үнэлж, бид бүхэнд илтгэл, хариуцлага хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан билээ.
Алба хаагчдаас Ангийнхаа түүхт 75 жилийн ойг угтаж багагүй бүтээлч ажил өрнүүлж, ажлын ололт амжилтаа бататгаж байна. Тухайлбал “805-аар овоглосон хамт олон” гарчиг бүхий түүхэн номоо хэвлүүлж алба хаагчдаа хүргэлээ, “Дотоодын цэрэг” дуу шинээр бүтээв, хамгаалалтын салбарын алба хаагчид сүүдрэвч, усан оргилуур шинээр хийсэн, ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 1, 2 дугаар салбарууд ангийн байрлалд цэцэгжүүлсэн, ангийн “Хүндэт тэмдэг”-ний загварыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албажуулав, Төсвийн санхүүжилтээр 120 хугацаат цэргийн алба хаагчдыг байрлуулах шинэ байр барих ажил дуусгах шатандаа явж байгаа зэрэг ажлуудыг цохон дурдаж хэлмээр байна.
Алба хаагч та бүхэн түүхэн уламжлалаа хүндэтгэн, улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган, чин шудрагаар ажиллана гэдэгт илтгэл төгс байгаагаа илэрхийлж, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.