Д.Нямхүү: 143 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 80 настай эмэгтэй эдгэрлээ
2020 оны долдугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 143 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл,
- Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ
- Ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос сорьц аван шинжлэхэд коронавирус илрээгүй" гэлээ.
- 80 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ
Коронавирусийн халдвар авсан 80 настай эмэгтэй ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан 230 тохиолдол байгаагаас 203 нь эдгэрч, ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ болон тандалтад байна.
Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг "Бага баян" амралтын газарт ажиглалтад оруулжээ.









