Үндэсний бөхийн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга боллоо
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг долоодугаар сарын 11-12ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд боллоо. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулсан. Ингэхдээ наадамд оролцох бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахаар ажилласан юм.
Улс орон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа тул баяр наадмын талбайд үзэгч нэвтрүүлээгүй. Бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүллээ. Ингэхдээ, Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз хамтран баяр наадмыг дөрвөн агуулгаар төрөлжүүлэн шууд дамжуулан хүргэсэн юм.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт болж, нийт 512 хүчит бөх зодоглон үзүүр түрүүнд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь улсын заан цолны болзол хангаад байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарчийг даван энэ жилийн улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар боллоо. Ингэснээр Н.Батсуурь сүүлийн гурван жил дараалан улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар үлдэж байна.
Харин Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн хувьд 2012 оны улсын их баяр наадамд улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан бол 2015 онд Э.Оюунболдтой үзүүр түрүү булаалдан үзүүрлэж байсан юм.
Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Энэ жилийн наадмаар долоон Начин, гурван Харцага, нэг заан, нэг аварга төрөн гарлаа.
Эх сурвалж: eagle.mn
|