Хүнсний ногооны үнэтэй холбоотой уулзалт, шалгалт зохион байгуулжээ
Цар тахлын үед аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас байнгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Сүүлийн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ өссөнтэй холбоотой гомдол санал олноор ирсэн байна. Гомдлын дагуу тус байгууллагаас энэ сарын 6-нд шуурхай ажлын хэсэг гарган холбогдох зах, худалдааны төвүүдэд тандалт судалгаа, хяналтыг явуулжээ.
Хяналт шалгалтаар “Барс” захын бөөний агуулахад хүнсний ногооны үнэ буурч эхэлснийг тогтоожээ. Тус захын хувьд бөөний төв учраас бусад худалдааны төвийг бодвол үнийн хувьд харьцангуй хямд байсан ба монгол төмс 1300, хятад төмс 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад зах, худалдааны төвүүд ихэнх нь “Барс” худалдааны төвөөс бөөндөн, жижиглэнгээр зардаг гэх тайлбарыг өгсөн байна. ШӨХТГ-ын байцаагчдын шалгалт хийсэн газруудад монгол төмс 1900-2000, хятад төмс 1600-1800 төгрөгөөр худалдаалагдаж байжээ.
ҮНИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ДАРАА ШӨХТГ-ААС ХХААХҮЯ БОЛОН “БАРС”, “БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ, МЕНЕЖЕР ЗЭРЭГ ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙНА.
Тус уулзалтаар хүнсний ногооны үнэ өссөн шалтгаан болон хүнсний ногооны нөөцийн асуудлыг хөндөж ярилцжээ. Уулзалтын үед ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсад 2800 тонн төмсний нөөц байгаа юм байна. Хүнсний ногооны нөөц дуусах болоогүй, импорт хэвийн явагдаж байгаа учир үнэ өсөх шалтгаан байхгүй гэж салбарын яамнаас мэдэгджээ. Мөн энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ гэдгийг ХХААХҮЯ-ны төлөөлөл онцолжээ.
Харин худалдааны төвүүдийн зүгээс хүнсний ногооны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч импорт өссөнөөр ногооны үнэ бууж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна. Одоогийн байдлаар хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ тогтворжин, буурч байгаа аж. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөнт үнээр тодорхойлогддог.
АЛИВАА ХУДАЛДААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ХЭРЭГЛЭГЧ ХОХИРЧ БОЛОХ ЁСГҮЙ ГЭДГИЙГ ШӨХТГ-ЫН ЗҮГЭЭС УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД АНХААРУУЛЖЭЭ. МӨН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД БОЛОН ЖИЖИГЛЭНГЭЭР ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ САНУУЛСАН БАЙНА.