Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд иж бүрэн хяналтын камер байрлуулжээ
“Яараад яахав дээ 2” аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд хурд хэмжигчтэй иж бүрэн хяналтын камер байрлуулжээ. Энэ удаагийн аянаар ТЦА-наас нь зөвхөн жолоочоос гадна зорчигчийн хариуцлагыг сайжруулах зорилт тавьж байгаа аж.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл: “Долоо болон наймдугаар сард аялал зугаалга ихсэж, иргэд хөдөө орон нутаг руу маш ихээр явдаг учир энэ жил “Яараад яахав дээ” аяныг дахин зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил энэ аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг зөрчил 50.8 хүртэлх хувиар буурсан тул энэ жил энэ хувийг илүү болгохыг зорьж ажиллана. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөв хандлагыг төлөвшүүлэх, замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох, хурд хэтрүүлэхгүй байхад бодит үр дүн ахиц гарна гэж үзэж байгаа. Бид иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэж ажиллана” гэсэн юм.
Оюутолгой ХХК-ын хэвлэл мэдээлэл байгууллагын харилцааны тэргүүн зөвлөх Э.Лхагва: “Манай компани Цагдаагийн байгууллага, Мобиком корпорацитай хамтран “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нийгмийн нөлөөллийн аянуудыг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан учир урамшаад энэ жил дахин хамтран ажиллаж байна. Дэлхийд 5-29 насны хүмүүсийн хамгийн их амь насаа алддаг шалтгаан бол зам тээврийн осол. Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэг, осол аваар эхний наймд бичигддэг. Манай улсад жилд дунджаар 540 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн статистик үзүүлэлт бий. Ялангуяа зуны цагт энэ тоо нэмэгдэх хандлагатай байдаг учир энэхүү аянг зөв цагтаа эхэлж байна гэж харж байгаа” гэлээ.