Б.Билгүүн: “Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах автын осол бидний хэнд маань ч тохиолдох аюултай

2020 оны 7 сарын 09

Arslan.mnЦагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын хэмжээнд энэ оны хагаст гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэсэн таатай мэдээ байна. Та энэ талаар яриагаа эхлүүлье?

-Цагдаагийн байгууллага үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилд минут, цаг, өдөр, сар, жилээр нь шалтгаан нөхцөлийг нь тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөдөг.

Улсын хэмжээнд 2018 онд нийт 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2017 оноос 3961 хэргээр буюу 12,3 хувиар өсөлттэй байсан бол 2019 он, 2020 оны эхний хагас жилд нийт гэмт хэрэг 8419 хэргээр буюу 34,1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдийн дэмжлэг, оролцоотойгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, сэрэмжлүүлэх, зөвлөх ажлуудыг тогтмол зохион байгуулсантай салшгүй холбоотой. Мөн иргэд, олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн аливаа аяныг дэмжих, ойлгох хандлага нь нэмэгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй зөв, хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хэрэглэж сурсан байна.

- Өнгөрсөн жил зохион байгуулсан “Яараад яахав дээ” нөлөөллийн арга хэмжээг энэ жил дахин өрнүүлж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Яараад яахав дээ” нөлөөллийн аян орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах зорилготой байсан. Бидний зорилго ч биелж өнгөрсөн 2019 онд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Тиймээс энэ оны долдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд “Яараад яахав дээ” нөлөөллийн аяныг дахин явуулахаар болсон. Учир нь амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьдог. Ингэхдээ зарим тохиолдолд жолооч нар муйхарлан хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудад түрүүлж гүйцэх, шөнийн цагт автомашины гэрэл шилжүүлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргадаг. Үүгээр зогсохгүй бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хөдөлгөөнд оролцдоггүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэх мэт шалтгаануудын улмаас өөрсдийн амь нас эрүүл мэндээ хохирдог.

-Энэ жилийн аян гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн гэлээ. Ер нь зам тээврийн ослын улмаас хэчнээн хүүхэд хохирсон бэ?

- Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 130 хүүхэд нас барсан гэсэн тоон мэдээ байдаг. Гэтэл үүний цаана хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн тоо асар их. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл эсвэл гамшгийн улмаас үүссэн асуудал биш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч, замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч бүрийн хариуцлага, хандлагаас шалтгаалсан асуудал.

Тиймээс бид энэ тоон үзүүлэлтийг хамтын хүчээр "0" болгох боломжтой. Аяны хүрээнд алба хаагчид бага насны хүүхдүүдийг хамгаалалтын нэмэлт суудалгүйгээр тээвэрлэж байгаа жолооч болон эцэг, эхчүүдэд зөвлөх, сэрэмжлүүлэг мэдээ хүргэн ажиллаж байна. Мөн иргэд рүү чиглэсэн мэдлэг, мэдээллийг "Оюутолгой” компани, "Мобиком”-той хамтран бэлтгэж видео шторк, зорилтот богино хэмжээний киног тэдний анхаарал, сонирхол, таашаалд нийцүүлэн, сошиал орчинд цацахаар бэлтгэсэн.

Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд түлхүү зөвлөх, анхааруулах сэрэмжлүүлэх ажлыг явуулж байгаа. Бид хүүхэд гэдэг нандин эрдэнийг энэ хорвоод хайрлаж, хүн болгох гэж авч ирсэн. Гэтэл хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээсээ болж харамсалтайгаар буцаагаад явуулж болохгүй шүү дээ.

- Иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж, олон нийтэд хандаж юу гэж зөвлөмөөр байна?

- Хэн ч таныг та сайн явж ирэв үү? гэж асуухаас биш та хурдан явж ирэв үү? гэж асуухгүй. Тэгэхээр аль болох дүрмээ баримтлаад хайртай хүмүүсээ эрсдэлд оруулалгүй аян замдаа яаралгүй сайн явж хүрэх газраа очоорой. Жолооч та тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга шүү гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618485
3 эможи

Unshigch
2020-07-10 15:22
Yaaraad yahawdee...
keyboard_arrow_up