Прокурорын байгууллагаас мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
УЕП-ын туслах прокурор Ү.Содномцог "2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан "Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нийт 19832-т хяналт тавьж ажилласнаас цагдаагийн байгууллага 19544 буюу 98.5 хувийг, мэргэжлийн хяналтын байгууллага 100 буюу 0.5 хувийг, гамшгаас хамгаалах улсын байцаагч 186 буюу 0.9 хувийг, бусад байгууллага 2 буюу 0.001 хувийг гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна.
Үүнээс “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил”-ийн шинжтэй 18,507, /энэ нь гудамж талбай олон нийтийн газар нус, цэр хаях зөрчил/ “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлийн шинжтэй 18, “Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах” зөрчлийн шинжтэй 2, бусад төрлийн зөрчил 438 гарсан байх ба 19,482 хүн, 187 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан.
Эндээс зөрчлийн хэрэг нээсэн 173, хүлээн авахаас татгалзсан 120, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шийдвэрлэсэн 7,420, газар дээр нь шийдвэрлэсэн 12,091, харьяаллын дагуу шилжүүлсэн 21, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1 байна" гэв.
Түүнчлэн Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн тухай тэрбээр "Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаарх 1,579 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна.
Үүнээс 134 гомдол мэдээлэлд буюу 8.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 24 буюу 1.5 хувьд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан, 1,269 буюу 80 хувийг хүлээн авахаас татгалзаж, 14 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн" гэв.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд танилцуулав.
2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37,345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 43.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 57,664 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 9,089-г эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шийдвэрлэсэн.
Мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 23 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
ШУУД ҮЗЭХ: