Хүүхдийг буруу тээвэрлэж, хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасаж, торгожээ
Хүүхдийг буруу тээвэрлэн хурд хэтрүүлсэн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр Toyota Alphard маркийн автомашин хурд хэтрүүлж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир "Тухайн өдөр 12:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолооч М-ийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг иргэд цахимаар мэдээлсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, Toyota Alphard маркийн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар арга хэмжээ тооцсон.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна" гэсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар: Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.









