СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэгт та ч өртөж болно
Урин дулааны цаг болж байгаатай холбогдуулан иргэд гудамж талбай, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх нь ихсэж байгаатай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ихээр үйлдэж болзошгүй байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад нийт 1588 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 224-д хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 28 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүх рүү шилжүүлж ажилласан байна.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 306 гомдлоор буюу 16,1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ болон иргэд, олон нийтэд хүргэж буй гэмт хэргийн талаарх сэрэмжлүүлэг мэдээ, нийтлэл мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо үр дүнгээ үзүүлж байна.
Сүүлийн үед үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийг бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06:00-14:00 цагт 41 хувь, 14:00-19:00 цагт 35 хувьтай байгаагаас харвал, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгчид нь ид ачааллын цагаар буюу өглөө ажилдаа явах, орой ажлаас тарж гэрлүүгээ харихдаа нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлж буй зорчигч иргэдийг, ялангуяа зорчигч ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн обьект болгон сонгож гэмт үйлдлээ гүйцэлдүүлдэг.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд бол, халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлийн 85,9 хувийг гар утас эзэлсэн байна.
Улсын Онцгой комиссоос Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгэн зэрэг тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд, нийслэл Улаанбаатар хотод баяр наадмыг үзэгчгүйгээр олон нийтийн телевиз, цахим мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар, хөдөө орон нутагт нээлттэй зохион байгуулахаар шийдвэр гаргасан. Жил жилийн баяр наадмын үеэр халаасны хулгайн гэмт хэрэгт ард иргэд ихээр өртөж хохирдог. Энэ жил нийслэл хотод баяр наадмыг нүдээр үзэж, тэмдэглэж чадахааргүй болсон иргэдийн цуваа эхнээсээ орон нутгийн замд төмөр хүлгийн жолоогоо залж эхэлжээ.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд баяр наадмын үеэр хөдөө, орон нутаг дамжин хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул иргэд олон нийт анхаарал, сонор сэрэмжтэй байж, хулгайд эд зүйлээ алдахгүй байхад анхааруулж байна. Мөн хотод байх иргэд та бүхэн мөн сонор, сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн анхаарлаа хандуулдаг АТМ болон валют арилжааны газраас гарахаас өмнө бэлэн мөнгөө цааш далд хийх, мөн нийтийн тээврийн унаанд сэжигтэй байж болзошгүй гэж үзсэн хүмүүсээс зай барих, анхаарал сарниулах үг яриа, үйл хөдлөлд сатаарахгүй байх, өөрийн эд зүйлдээ хайхрамжтай хандаж цүнх, үүргэвчээ урдаа барьж явах зэрэгт анхаарч халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдэд боломж бүү олго.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
|