Өнөөдрөөс улсын хэмжээнд “Яараад яахав дээ” хоёрдугаар аяныг эхлүүллээ
Зуны улиралд амралт, аялал зугаалга ихэсч, хөдөө орон нутаг руу явах тээврийн хөдөлгөөн эхэлж байгаатай холбогдуулан, мөн орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
"Автомашины арын суудалд яваа зорчигчийг хамгаалах БҮС ЗҮҮХИЙГ шаардана"
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд:
Орон нутагт зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаагийн шалтгаан нь хэдийгээр хурд хэтрүүлсэн холбоотой боловч тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчид хамгаалах бүсээ зүүдэггүй нь эрсдэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, осол гарах үед автомашины арын суудалд бүсгүй сууж яваа хүн цонхоор шидэгдэж амиа алдах тохиолдол бий. Тиймээс бид энэ жилийн аяны хүрээнп орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл болгоныг зогсоож, шалгахаас гадна арын суудалд сууж яваа зорчигчдыг суудлын бүс зүүхийг шаардана. Хэрвээ арын суудлын хамгаалах бүс суудлын бүтээлэгний доор байдаг бол зорчигчдынхоо хамгаалах бүс зүүх боломжийг хангаж, бүсийг ил гаргахыг анхааруулж байна.
"Яараад яахав дээ” уриатай аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжих оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргйилэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байна.
Тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК “Мобиком Корпораци” ХХК хоёр дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.
Мөн орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулахаар болсоныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.