“Жи тайм” сүлжээний хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулна
“Жи тайм” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан долоодугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт болно. Шүүх хуралдааныг “Шүүхийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах аж.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайттай хамтран шууд дамжуулан хүргэнэ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан "залилах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
Улмаар зургаадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон байна.
“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11,398 иргэнд 25,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй аж.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар