Туул голд живсэн гурван настай хүүг эрэн хайх ажиллагаа явуулж байна
Сүүлийн өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.
Тухайлбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3 настай хүүхэд живжээ.
Энэ талаарх мэдээллийг 20:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж.
Дуудлагын дагуу, нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат 3 настай, эрэгтэй А-гийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.
Түүнчлэн зургаадугаар сарын 28-ны өдөр Туул голд 19, 20 настай хоёр иргэн живсэн.
Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олсон бол 20 настай, эрэгтэй С-г одоог хүртэл олоогүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд иргэдийг голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гарцтай газраар зорчих, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж хараа хяналт, анхаарал болгоомжоо сайжруулахыг анхааруулж байна.