Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогод зөрүү гарсангүй
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллогыг нэмж явуулахаар болсон.
Тодруулбал, Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлсний дагуу хяналтын тооллогууд үргэлжилж байгаа юм.
Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурдсан.
Нэмэлтээр 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж буй юм
Эх сурвалж: gogo.mn
|