АН: Дахин сонгууль зохион байгуулахыг шаардлаа
Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл (2020.06.27) хийлээ. Тус намын зүгээс бие даагчид, эвслүүдтэй хамтран Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ.
Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү томилогджээ. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, энэ удаагийн сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ.
Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр маш олон ноцтой зөрчил гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг бүртгэж санал өгүүлсэн. Санал өгөөгүй иргэдийг өгсөн болгож бүртгэлжүүлсэн зэрэг сонгуулийн автоматжуулсан системийг бүхэлд нь зөрчсөнийг иргэдээс мэдээлжээ. Хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзжээ.
Эх сурвалж: NEWS.MN
|